ХОВД: 12 иргэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-12 14:37:37

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан Ховд аймагт өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа.

Энэ удаа долоон байгууллагын 12 ажилтан төрийн албанд үнэнч шударгаар ажиллахаа батлан тангараглаж, Монгол Улсын төрийн далбаанд мэхийн ёсолж, тангарагийн бичигт гарын үсэг зурснаар төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэх их үүрэг хариуцлага хүлээж байна.     

Судалгаагаар Ховд аймагт нийт 5926 төрийн албан хаагч бий.  Үүнээс 650 гаруй албан хаагч нь төрийн захиргааны албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаа юм.


Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шуурхай, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлд бүх шатанд анхаарч ажиллаж байгааг онцлон хэлэв. 

Холбоотой мэдээ