Дуучин Д.Отгонжаргал Монгол Улсын гавьяат жүжигчин боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-28 13:24:50

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг гарган Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.  


Дуучин Д.Отгонжаргал нь Баянхонгор аймгийн Заг сумын уугуул бөгөөд СУИС-д  дуурийн гоцлол дуучны мэргэжлээр суралцжээ. Сонсогч түмний сонорыг мялааж, сэтгэлд хүрсэн түүний уран бүтээлээс дурдвал “Миний ээж тэмээчин”, “Хун галуу”, “Өнө мөнх орон” гэх мэтээр үргэлжилнэ. Мөн Ану хатны дүрийг түүхэн кинонд өөрийн төрхөөр мөнхөлсөн нь түүнийг дуучнаас гадна шаггүй жүжигчин гэдгийг илтгэсэн билээ.  


Тэрбээр шагнал авсныхаа дараа “Залуу уран бүтээлчийг дэмжиж, урам зориг хайрласанд баярлалаа. Уран бүтээлийг минь сонсож, надад урам өгдөг сонсогчдодоо баярлаж байна. Тэдэндээ одоогийнхоос илүү чанартай, хөдөлмөр шингээсэн бүтээл хүргэхийн төлөө хичээж ажиллана. Хүн өөрийнхөө хүсэл эрмэлзлээрээ дуртай зүйлээ хийх нь хамгийн чухал зүйл гэдгийг өнөөдөр ойлголоо. Өнгөрсөн, одоо, ирээдүйд байх бүх хүнд баярлалаа. Өөртөө итгэж дуучин болох замыг сонгосон юм. Анх 2006 онд СУИС-ийг төгсөөд “Ижийдээ бичсэн захидал” нэртэй анхны уран бүтээлээ олон түмэнд хүргэж байлаа. Энэ дууны шүлгийг З.Түмэнжаргал, аяыг Хөдөлмөрийн баатар Б.Шарав гуай зохиосон юм. Дараа нь Б.Шаравын хөгжим, Л.Өлзийтөгсийн шүлгээр бүтсэн “Өнө мөнх орон”-оо цацсан. Ийм хоёр дуугаар уран бүтээлийн гараагаа эхлүүлж байлаа. Монголынхоо ард түмэнд шинэ оны мэнд хүргэе” гэв.

Холбоотой мэдээ