ХОВД: Нүүрс тээвэрлэх гэрээний нөхцөлийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-28 10:45:40

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Одоогийн байдлаар 26 компани МоЭнКо ХХК-тай Хөшөөтийн уурхайгаас нүүрс тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байна.


Гэрээг хоёр жил тутам шинэчилдэг бөгөөд энэ удаагийн гэрээг 18 компани хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахаар болжээ.


Нүүрсний үнэ нэмэгдэж байгаа энэ үед гэрээний зарим зүйл, заалт нь тээвэрчдийн эрх ашиг, нийгмийн асуудлыг өмнөхөөсөө дордуулсан гэрээ болсон гэж зарим жолооч нар үзэж байна. Тэд 
энэ сарын 27-нд Ховд аймгийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын явцад  тээвэрчид, компанийн төлөөллүүд санал бодлоо илэрхийлж, гэрээний нөхцөлийг сайжруулахад хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан байна. 

Үүний үр дүнд МоЭнКо ХХК-д Ховд аймгийн ЗДТГ-аас албан бичиг хүргэх, тээврийн компани, жолооч нар болон Үйлдвэрчний эвлэл, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын баг байгуулж, нүүрс тээвэрлэх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлд хэлэлцээр хийхээр шийдвэрлэжээ.
 

Холбоотой мэдээ