31 аж ахуй нэгжийг хар жагсаалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо.
Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэхээр болсон. Жишээ нь, явган хүний замын стандарт байна. Жилийн дөрвөн улиралтай хэрнээ явган хүний замын хавтан нь гялгар, өвөл халтиргаа гулгаа их үүсгэдэг. Тиймээс үүнийг аюулгүй болгох, явган хүний замын стандартыг сайжруулах асуудал тулгарч байна.
Мөн барилгыг улсын комисс хүлээж авах үйл явцын талаар хэлэлцлээ. Цаашид барилгыг улсын комисс хүлээж авах үйл ажиллагааг түргэн, шуурхай, ил тод, нээлттэй, хариуцлагатай болгох хэрэгтэй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын хууль, дүрэм, журмуудын хэрэгжилтийн үр дүнг үнэлж, барилгажилттай холбоотой аж ахуйн нэгжид тулгамдсан асуудлыг шийдэхээс гадна ипотекийн зээлд хамрагдаж байгаа иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах, хууль, дүрэм, журмуудын эерэг, сөрөг нөлөөллийг үнэлж, цаашид хэрхэн сайжруулах вэ гэдэг шийдлийг эрэлхийлнэ. Холбогдох байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, эхний саналуудыг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, хаврын чуулган гэхэд хуулийн төслүүдийг боловсруулахаар боллоо.
Түүнчлэн худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор хууль зөрчдөг, тендерт шалгараад гэрээний үүргээ биелүүлдэггүй, хаяж явдаг 31 байгууллагыг хар жагсаалтад оруулах саналаа холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр болсон. Эдгээр аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ” гэв.
Тэрбээр “Тэнүүн-Огоо” компанийн талаар хэлэхдээ “Энэ компанийг хуулийн
байгууллага шалгаж байгаа. Шалгалт дууссаны дараа холбогдох шийдвэрийг
хүргүүлнэ. Цаашид нийслэлийн худалдан авах ажиллагааг барилгын ажил эхлэхээс
өмнө зарлаж, хариуцлагатай аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулдаг болно.
Аливаа бүтээн байгуулалтыг он дамжин хэрэгжүүлж, улмаар барилгын материал,
ажиллах хүчний үнэ нэмэгддэг, тэр хэрээр төсвөөс мөнгө нэхдэг байдлыг цаашид
гаргуулахгүй” хэмээн ярилаа.