Кале хот дахь дүрвэгсдийн хуаранг хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-26 11:11:13

ПАРИС. /Al jazeera/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд тус улсын хойд нутгийн Кале хот  /Calais/ дахь дүрвэгсдийн хуаранг хаана гэж мэдэгдсэн бол Германы Канцлер Ангела Меркель цагаачдыг эх нутагт буцаах асуудлаар гуравдагч орнуудтай хэлэлцээ хийхийг Европын орнуудад уриалжээ.

Ф.Олланд бямба гарагт хэлэхдээ "эрх баригчид “ширэнгэн ой” гэгддэг “Кале” дүрвэгсдийн хуаранд орогнож буй 9000 гаруй дүрвэгсдийг ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд Францын төв нутаг дахь дүрвэгсдийг хүлээн авах төвүүдэд хуваарилан байрлуулна" гэжээ.   

Франц даяар байрлах дүрвэгсдийг хүлээн авах 164 цэгүүдийн нэг болох Tур хот дахь нэгэн төвд очих үеэрээ Ф.Олланд ингэж мэдэгдсэн юм. Харин тэрбээр даваа гарагт “Кале” хуаранд очихынхоо өмнө “ийм хуаранг бид Францад байлгаж болохгүй” гэжээ.

"Манай улс “нэр төртэй, хүмүүнлэг, хариуцлагатай байж чадна” гэдгээ харуулах хэрэгтэй. Дүрвэгсдийг хүлээн авах цэг тус бүр 40-50 хүнийг хүлээн авч 4 сарын турш байлгах бөгөөд энэ хугацаанд тухайн хүмүүсийн нөхцөл байдлыг судлах юм" гэж Ф.Олланд хэлжээ. Орогнол хүсээгүй хүмүүсийг буцаах болно хэмээн тэрбээр мөн онцлон дурдсан байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ