Жюү жицүгийн баг тамирчид 21 тэмцээнээс 238 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-22 12:27:35

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Энэ онд Монгол Улсад тив, дэлхий, Ази тивийн болон жүдо бөхийн "Их дуулга" гээд олон улсын цар хүрээтэй нийт 6 тэмцээн уралдааныг спортын холбоод эрхээ авч зохион амжилттай байгуулсан юм.

Үүний нэг нь Монголын Жюү жицүгийн холбооноос энэ оны долоодугаар сарын 15-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсан Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан.

Энэ ДАШТ бол яахын аргагүй спортын салбарт нэлээд том даацтай жин татахаар өргөн хүрээтэй, өрсөлдөөнтэй тэмцээн болж өндөрлөсөн юм.

 Жюү жицүгийн баг тамирчид олон улс, тив дэлхий, Азийн наадам гээд 21 том тэмцээнээс 238 медалийг хүртсэн амжилт үзүүлжээ.

Энэ талаар МЖЖХ-ны Гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ “Монголын спортын түүхэнд тодоос тод бичигдэн үлдэх 1500 хүний оролцоотой, ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж, нүсэр том ажлын ард гарлаа. Энэ жил манай тамирчид тив дэлхий, олон улсын тэмцээнд оролцож, IJF, Нага гэсэн хоёр холбооны бүсний ангилалтай хоёр тэмцээнд 2 дэлхийн аварга төрлөө.

Мөн ДАШТ-ээс Б.Хулан медаль хүртэж, 8 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлж, Азийн наадамд М.Даваадорж эрэгтэйчүүдийн ангилалд анх удаа хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

2018 онд Ц.Удвал Азийн наадмын эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа хүрэл медаль авч байсан бол энэ амжилтаа “Ханжөү- 2022” наадамд давтлаа” гэсэн юм. 

Холбоотой мэдээ