“Шэнжөү-17” хөлгийн багийнхан задгай сансарт гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-12-22 10:00:57

БЭЭЖИН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын “Тяньгүн” тойрог замын сансрын станцад ажиллаж буй Шэнжөү-17 хөлгийн багийн гишүүд пүрэв гаргийн 21:35 цагт задгай сансарт гарах анхны даалгаврыг гүйцэтгэлээ тус улсын Сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлэв.


Тан Хунбо, Тан Шэнжиэ, Жян Шинлин нар газрын баг болон сансрын станцын робот гарны тусламжтайгаар Тяньхэ үндсэн модулийн нарны цэнэг хураагуурыг засах туршилт зэрэг багц даалгаврыг хийж гүйцэтгэхийн тулд долоон цаг хагасын турш задгай сансарт ажиллажээ.


Хятадын сансрын станцад ажилласан анхны хүмүүсийн нэг болох Тан Хунбо нь тус станцад дахин ирээд байгаа бөгөөд тэрбээр хоёр дахь удаагаа задгай сансарт гарсан нь энэ юм. Харин Тан Шэнжиэгийн хувьд ийм даалгаврыг гүйцэтгэсэн Хятадын хамгийн залуу сансрын нисгэгч болжээ.


Шэнжөү-17 сансрын жолоодлогот хөлгийн багийнхан цаашид төлөвлөсний дагуу сансрын шинжлэх ухааны туршилт, техникийн туршилт, задгай сансарт гарах, хөлгийн гадна ачаа суурилуулах зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэнэ.


Тэд 10 дугаар сарын 26-нд тойрог замын станцад очсоноосоо хойш Шэнжөү-16 сансрын нисгэгчидтэй ээлж хүлээлцэх, сансрын станцын тавцанд холбогдох засварыг хийх, сансрын нисгэгчийн амь нас, эрүүл мэндийг дэмжих, хөлгийн гадна өмсөх хувцсыг шалган турших, Тянжөү-6 ачааны хөлөгт тоног төхөөрөмжийн үзлэг хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэжээ.

Холбоотой мэдээ