Сонгинохайрхан дүүрэг сүлд модныхоо гэрлийг асаалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Энхтайваны өргөн чөлөө буюу Саппорогийн өмнөх талбайд ирж буй шинэ жилийн баярыг тохиолдуулан баярын уур амьсгал оруулж “Мөнгөн шинэ жил” ёслолыг өчигдөр зохион байгуулж, сүлд модныхоо гэрлийг асаав.
Гадаа хүйтэн ч иргэд гэрэлт гудамж, шинэхэн гацуурын өмнө гэрэл зураг татуулан, уран бүтээлчдийн дуу хууранд даган баясч, шинэ жилийн үзэсгэлэн худалдаагаар саатан зочилсон байна.
Энэхүү “Мөнгөн шинэ жил” арга хэмжээ зохион байгуулсан гудамж талбайг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид, иргэдийн хамт тохижуулжээ.