Монгол Улс, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн эхний шатны хэлэлцээ боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-12-20 16:18:27

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах эхний шатны хэлэлцээ БНСУ-ын нийслэл Сөүл хотноо болж байна.


Хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээг Монгол Улсаас ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлого хариуцсан дарга Чангёнг Ан нар нээв.


Хэлэлцээрийн зорилго хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлогыг нэмэгдүүлэх, талуудын тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж буйг хоёр тал онцолж байна.


Энэ оны 12 дугаар сарын 18-20-нд гурван өдөр үргэлжилж буй хэлэлцээгээр бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт болон харилцан сонирхсон эдийн засгийн хамтын ажиллагааны бусад салбарыг хамарсан сэдвээр нарийвчлан хэлэлцэх талаар ЭЗХЯ-наас мэдээллээ


Хэлэлцээнд манай улсаас ЭЗХЯ, Сангийн яам, ГХЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар, ШӨХТГ-ын төлөөлөл оролцож байна. 

Холбоотой мэдээ