Apple-ийн ухаалаг бугуйн цагны зарим загварыг худалдахыг зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-19 16:20:18

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /ВВС/. Патентын эрхийн зөрчил илэрсний дараа Apple компани ухаалаг бугуйн цагныхаа хамгийн сүүлийн үеийн загваруудыг АНУ-д худалдаалахаа түр зогсоохоор болжээ


Хүний биеийн цусан дахь хүчилтөрөгч хэмжигч нь маргаан дагуулаад байгаа уг цагны худалдаа, импортыг хориглох шийдвэр 12 дугаар сарын 26-наас хэрэгжиж эхлэх ажээ. 


Энэ асуудал нь Калифорнид төвтэй эмнэлгийн хэрэгслийн Маsiмо компанийн үүсгэсэн маргаанаас үүдэлтэй бөгөөд тус компанийн зүгээс "Apple компани цусан дахь хүчилтөрөгчийг хэмждэг манай технологийг хулгайлсан" гэж буруутгасан байна. Series 9, Ultra 2 зэрэг Apple-ын ухаалаг цагны ихэнх загвар 2020 оноос ийм функцтэй болсон бол SE загварт нь байхгүй байна.


АНУ-ын Олон улсын худалдааны комисс "Apple компани зарим патентын эрхийг зөрчсөн" гэж үзээд тодорхой бараа бүтээгдэхүүн импортлохыг хориглох шийдвэр гаргаснаа 10 дугаар сард мэдэгджээ.


Apple энэ шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгаа бөгөөд 12 дугаар сарын 21-нд АНУ дахь өөрийн цахим хуудас болон тус улсын дэлгүүрүүдээр “Series 9”, “Ultra 2” загварын бугуйн цагнуудыг зарахгүй гэж мэдэгджээ. Бусад улс дахь борлуулалтад дээрх шийдвэр нөлөөлөхгүй.


Дээрх мэдэгдлийн дараа Apple-ийн хувьцаа нэг гаруй хувиар унасан ч баярын өдрүүдийн борлуулалтад нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна.


Есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар, бугуйн цаг болон бусад өмсөж зүүж хэрэглэдэг төхөөрөмжийн борлуулалт 40 тэрбум орчим доллар буюу Apple-ийн нийт борлуулалтын 10 орчим хувийг эзэлж байна.

Холбоотой мэдээ