Хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд олон нийтийн боловсрол чухал байгааг онцоллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-12 14:02:40

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх үндсэн хоёр арга нь олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн, хүчтэй сэтгүүл зүйтэй байх явдал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.


Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн мэргэжилтэн Т.Есөн-Эрдэнэ хэлэхдээ, сэтгүүлч сурвалжлагч бид нар илүү мэргэжлийн байж, мэдээ мэдээллийг нүүр тулан уулзаж байж авах нь үнэн бодит эх сурвалж болно. Энэ нь хэвлэл мэдээллээс хуурамч мэдээлэлтэй тэмцэх, түүнийг бууруулах нэг хүчин зүйл юм гэдгийг тодотгосон юм. Тэрбээр, сэтгүүлчид болон олон нийтэд зориулсан “Баримт шалгах” гарын авлага гарч буйг мэдээллээ.


Монголын Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр болсон "Цахим орчин дахь худал, ташаа мэдээлэл, түүний үр нөлөө, шийдэл” сэдэвт уулзалт хэлэлцүүлгээр мөн олон нийтийн мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй байгааг хөндлөө.


Энэ нь мэдээлэл авах хүний эрхтэй холбоотой зүйл. Хэдийгээр хүний бодлыг шүүх ёсгүй, тийм эрх байхгүй ч олон нийтийн боловсролыг дээшлүүлэх шаардлага тулгарч буйг “Фаро Фаундэйшн” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Намуун хэллээ.


Ялангуяа цахим орчин дахь мэдээллийн бодит, найдвартай байдлыг хангахад хэвлэл мэдээллийнг байгууллагын үүрэг чухал. Энд баримтлах зарчим, удирдамжийг НҮБ-аас боловсруулж гишүүн орнуудаар хэлэлцүүлж байгааг Монгол Улсад суугаа НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра уулзалт хэлэлцүүлэг дээр мэдээлсэн юм.


Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо:

-Судалгаагаар цахим орчин дахь хуурамч мэдээлэл бодит, үнэн мэдээллээс 6 дахин хурдан тархаж байдаг нь тогтоогдсон. Хуурамч мэдээллийг олон нийтийн сүлжээнээс устгахаас илүү энэ бол худал ташаа мэдээлэл гэж хаягжуулах нь хуурамч мэдээллийг бууруулах нэг алхам юм. Энэ бол “Төлбөртэй мэдээлэл” гэдэг шиг ялгаж салгаж өгөх нь үр дүнтэй арга гэдгийг хэллээ. Тэрбээр хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилгоор манай улсад Баримт шалгах төвийг байгуулж хуульч эрх зүйч, сэтгүүлчид хамтран ажиллаж эхэлж буйг мэдээллээ. Мөн “Үнэн, бодит мэдээллийг түгээх” сүлжээг байгуулж буйг дуулгалаа.


Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны газрын дарга Т.Батболд:

-Хуурамч мэдээлэл олон янз байна. Жишээ нь, тураах цай, биологийн идэвхт бүтээгдэхүүн зэрэг нотолгоогүй зүйлийг олон нийтийн сүлжээгээр их цацаж байна. Үүнийг зөвхөн мэргэжлийн хүн мэдээлэх үүрэгтэй. Тиймээс мэргэжлийн байгууллагууд, төрийн зүгээс мэдээллээ хурдан, шуурхай гарган мэдээлж байх хэрэгтэй байна. Энэ талын олон улсын зарчмыг судалж, нутагшуулахаар ажиллаж байна гэв.


Хуурамч мэдээллийн эсрэг factcheck.mn-ийг үүсгэн байгуулагч Ц.Тамир:

-Худал ташаа мэдээлэл дээр тодорхойгүй юм байхгүй. Зөвхөн үүнийг зохицуулах механизм манай улсад үгүйлэгдэж байна. Олон улсад энэ талын бүх эрх, үүргийг Фэйсбүүк компани хүлээхээр зохицуулж байдаг. Гэтэл манай улсад үүнийг улстөрчдөөс эхлээд өөр өөрийнхөөрөө зохицуулах гэдэг нь буруу юм гэдгийг хэллээ. 

Холбоотой мэдээ