Монгол зураачид Япон улсад "Хөх Монгол" үзэсгэлэнгээ нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-12-12 13:11:38

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн шагналт зураач, Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор Г.Лхагвасүрэн болон Монголын дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй "Хөх бороо" нийгэмлэгийн зураач, уран бүтээлчдийн "Хөх Монгол" үзэсгэлэн Япон Улсын Ёкохама хотын Азамино уран зургийн арт галерейд энэ сарын 26-нд үзэгчдийн хүртээл болно. 


Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-наас Японы Урлагийн Нийгэмлэг, Монгол арт галерейтэй хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнгийн куратороор Монгол арт галерейн Урлаг судлаач, зураач Б.Болортуяа урилгаар ажиллах юм.


Нийт 18 монгол зураач, уран бүтээлч оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэл, МИАТ ХК, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим тус тус дэмжигч байгууллагаар оролцож байна.


Энэхүү үзэсгэлэнд Монгол орны үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ард түмний уламжлал, ахуй амьдрал, оюун сэтгэлгээ, орчин үеийн чиг хандлагыг уран зургаар илэрхийлэх бөгөөд зураач, уран бүтээлчдийн шилмэл 55 бүтээлийг дэлгэх аж. 

Үзэсгэлэнг гурван өдрийн турш олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. 





Холбоотой мэдээ