Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх саналаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-11 15:33:24

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах зорилтын хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон “Хүнсний хувьсгал” НҮТББ-ын удирдах зөвлөл, бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзав.


Уулзалтаар мэргэжлийн холбоод газар тариалан, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл ихээхэн дэмжлэг болж байгааг онцлоод, дотооддоо үйлдвэрлэж буй хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэх санал хэллээ. Салбарын сайд импортын гаалийн татварыг 2-3 жилд үе шаттай нэмж, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ “хамгаалах” бодлого барихаа мэдэгдэв. Тэрбээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны уялдааг сайжруулах, хөдөө аж ахуйн бүсийн тухай хууль баталснаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах ач холбогдолтойг хэлсэн юм. Дотоодын хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд салбар яам холбоодоо бодлогоор дэмжиж буйд талархаж байгаагаа илэрхийлснийг ХХААХҮЯ мэдээллээ.


Монголын тариаланчдын үндэсний холбоо, Монголын махны холбоо, Тахианы мах үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоо, Тослог ургамал тариаланчдын нэгдсэн холбоо, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын сав баглаа боодол, үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Сүүний нэгдсэн холбоод нэгдэн “Хүнсний хувьсгал” ТББ-ыг байгуулсан байна.

 

Холбоотой мэдээ