СОР28: Олборлодог түлшний CO2-ын ялгарал энэ онд түүхэн дээд үзүүлэлтэд хүрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-05 17:47:30

ДУБАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /VoA/. Дэлхийн хэмжээнд энэ онд 36.8 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл /CO2/ ялгаруулах төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм гэж дэлхийн 90 гаруй байгууллагын эрдэмтдийн гаргасан тайланд дурджээ.


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын (COP28) хүрээнд мягмар гарагт нийтэлсэн Дэлхийн нүүрстөрөгчийн төсөв” тайланд дурдсанаар, өнгөрсөн онд дээд цэгтээ хүрсэн нүүрстөрөгчийн давхар ислийн нийт ялгарал 2023 онд дээд үзүүлэлтийг давна.


Нүүрс, газрын тос, байгалийн хийн шаталтаас ялгарах хүлэмжийн хий нэмэгдэх болсны гол шалтгаан нь Энэтхэг, Хятадад ялгарал нэмэгдсэнтой холбоотой байна. Хятадад ковидын цар тахлын хөл хорионы дараа эдийн засаг дахин сэргэсний улмаас, Энэтхэгт цахилгаан эрчим хүчний эрэлт сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг илт давж, зөрүүг нь олборлодог түлшээр нөхөхөд хүргэсний улмаас хүлэмжийн хийн ялгарал нэмэгджээ. Улмаар дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмд тогтоон барих зорилтоос дэлхийг улам бүр холдуулж байна.


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтнүүдийн зөвлөлөөс (IPCC) дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэхийн тулд 2030 он гэхэд дэлхийн хүлэмжийн хийг 43 хувиар бууруулах шаардлагатай гэж мэдэгджээ. Гэтэл харин эсрэгээрээ хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн жилүүдэд улам л нэмэгдсээр байна.


Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал дээд хэмжээндээ хүрсэнтэй холбоотойгоор ирэх оноос эхлэн тус улсын хүлэмжийн хийн ялгаралт "бүтцийн хувьд буурч эхлэх" төлөвтэй байна гэж Хельсинки хот дахь Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвийн эрдэмтэд саяхан мэдэгдсэн байна. Тус улс дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн 31 хувийг ялгаруулдаг.


Шинэ тайланд мөн хэд хэдэн нааштай хандлагуудыг онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, АНУ болон Европын Холбооны орнуудад нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгаснаар утаа багассан байна.


Дэлхийн нийт хүлэмжийн хийн 28 хувийг бүрдүүлдэг 26 оронд СО2-ын ялгарлын хэмжээ мөн буурах хандлагатай байна. Тэдгээр улс орнуудын ихэнх нь Европт байдаг гэж судлаачид тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ