Япон: Ангарагийн дагуул руу аппарат илгээх хугацааг хойшлуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-12-04 15:45:19

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /Kyodo/. Япон улс Ангараг гаргийн дагуулын гадаргуугаас дээж авах дэлхийн анхны төслийг H3 пуужинтай холбоотой асуудлын улмаас 2024 оноос 2026 он хүртэл хойшлуулахаар хэлэлцэж байгаа тухай уг мэдээлэлд ойр эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ.


Уг төслийг тийнхүү хойшлуулбал 2025 онд Осака хотод болох “Дэлхийн Экспо”-гийн үеэр Ангарагийн сарыг судлах төслийн аппаратаас илгээсэн өндөр нарийвчлалтай зургуудыг шууд дамжуулан үзүүлэх төлөвлөгөө талаар болно гэсэн үг юм. Энэ нь уг үзэсгэлэнгийн гол үйл явдал болох ёстой юм. 


Японы Сансар судлалын агентлаг болон Mitsubishi Heavy Industries компанийн хамтран бүтээж буй шинэ үеийн H3 пуужинг энэ оны гуравдугаар сард хөөргөх оролдлого амжилтгүй болсон бөгөөд улмаар ашигтай ачаа болгон тээж явсан гол хиймэл дагуулыг алдахад хүрсэн билээ.


Эл үйл явдал давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авах төхөөрөмжүүдээр тоноглогдсон хоёр дахь Н3 пуужинг 2024 оны гуравдугаар сар гэхэд хөөргөхөөр төлөвлөж байгаа боловч урьдчилан сэргийлэх үүднээс ачааг нь өөрчлөхөөр болжээ.


Тиймээс Ангарагийн дагуулыг судлах аппарат, мөн хиймэл дагуулуудыг гурав дахь эсвэл дараагийн H3 пуужингаар хөөргөх төлөвлөгөө нь хоёр дахь пуужингийн хөөргөлт амжилттай болох эсэхээс шалтгаална.


Уг аппаратыг Дэлхий, Ангараг хоорондын зайнаас шалтгаалан 2024 оны есдүгээр сарын орчимд хөөргөх боломжтой бөгөөд дараагийн тохиромжтой хугацаа нь 2026 он юм. Гэвч нэн тэргүүний ач холбогдолтой бусад хиймэл дагуулыг хөөргөх тул аппаратыг хөөргөх хугацааг товлоход хүндрэлтэй байж магадгүй байна.


Одоогоор энэ аппаратыг 2024 оны есдүгээр сард хөөргөж, 2025 оны наймдугаар сард Ангарагийн системд орруулахаар төлөвлөж байгаа бөгөөд дараа нь Ангарагийн хоёр дагуулын нэг болох Фобос дээр газардаж, гадаргуугаас нь дээж авч, 2029 онд эх дэлхий рүү буцаж ирнэ гэж төлөвлөөд байгаа юм.


Фобосыг Ангараг гаргаас үүсэлтэй чулуулгуудын хуримтлал гэж үздэг бөгөөд түүний дээж нь Ангарагийн системийн хувьслын үйл явцыг судлахад тус дөхөм болно гэж эрдэмтэд найдаж байна.


АНУ, Европ, Хятад улс Ангарагийн дагуулуудаас мөн дээж авахаар төлөвлөж байгаа энэ үед Японы төсөлд олон асуудал тулгарч, хоёр жилээр хойшилсон ч дэлхийд анхдагч болох магадлал өндөр хэвээр байна.


Японы Засгийн газар уг аппаратыг хөөргөхийн тулд H3-ын оронд АНУ-ын SpaceX компанийн пуужинг ашиглах боломжийг судалж үзсэн боловч энэ хувилбар нь ч мөн 2024 онд багтах төлөвгүй байна.

Холбоотой мэдээ