Европт урьд өмнө үзэгдээгүй их хэмжээний цас оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-04 12:47:10

ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /ВВС/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун Европт их хэмжээний цас орсны улмаас замын хөдөлгөөн саатаж, Их Британид термометрийн заалт Цельсийн -12 хэмээс доош буужээ.


Сүүлийн хэдэн өдөр Германы ихэнх нутгаар цас орж, агаарын температур хасах хэмийг зааж, сүүлийн хориод жилийн турш харьцангуй дулаахан өвөлд дассан тус улсын хүн ам, тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээнийхнийг цочирдуулжээ.


Цаг агаарын албанаас мэдээлснээр, Баварийн нийслэл Мюнхен хотод баасангаас бямба гарагт шилжих шөнө 40 гаруй см зузаан цас орсны улмаас бямба гарагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ. Өнгөрсөн зууны 30-аад оноос хойш ийм их хэмжээний цас ороогүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.


Мюнхений нисэх онгоцны буудал ням гаргийн өглөө хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоож, нийт цуцлагдсан болон хойшлогдсон нислэгийн тоо 760-д хүрчээ.


Орон нутгийн эрх баригчид аюулгүй байдлын үүднээс иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Цас их орж, агаарын температур хасах хэмтэй байгаа нь галт тэрэг, автобус, трамвайн хөдөлгөөнийг мөн саатуулсан байна. Баасан гаргаас бямба гарагт шилжих шөнө Доод Баварийн цагдаагийн газарт цаг агаарын байдал муудсантай холбоотой 350 дуудлага иржээ. Зам тээврийн ослын улмаас таван хүн хөнгөн гэмтсэн байна.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн Австри, Чех улсад их хэмжээний цас орсны улмаас замын түгжрэл үүсэж, онгоцны нислэг саатаж, цахилгаан тасарсан байна.


Арванхоёрдугаар сарын эхээр ер бусын хүйтэн цаг агаар Британийн арлуудыг бас нөмөрлөө. Их Британийн зарим хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарын температур Цельсийн -12 хэмээс доош буужээ.


Тус улсын хойд хэсгээр их хэмжээний цас орж, Камбриа мужид (Английн баруун хойд хэсэг оршдоголон жолооч цас орсны улмаас үүссэн замын түгжрэлд олон цагаар саатжээ. Английн баруун хойд хэсэг, төв ба өмнөд хэсэг болон Уэльс, Шотландын зарим хэсэгт цаг агаарын шар анхааруулга зарлаж иргэдэд сэрэмжлүүлэг гаргасан байна.

Холбоотой мэдээ