ГОВЬ-АЛТАЙ: Дундаж наслалтыг 80 хүргэх “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-12-04 11:04:26

Есөнбулаг 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн нийт хүн амын дундаж наслалтыг 80 хүргэх “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг баталлаа. 


Энэ сарын 1-нд аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан 73.1 хувийн ирцтэй эхэлж, 2024 оны аймгийн төсөв, хөгжлийн төлөвлөгөө зэрэг 17 заалт бүхий асуудлыг хэлэлцүүлэн батлуулснаас онцлох нь "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөр байсан юм. 


Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, өвчлөлийн шалтгаан, нас баралтыг багасган дундаж наслалтыг 80–аас дээш болгох зорилт дэвшүүлсэн “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг төлөөлөгчид санал нэгтэй баталлаа. Энэхүү хөтөлбөр нь 2024 оноос таван жилийн хугацаанд хэрэгжих ба иргэн бүрд 80-аас дээш наслах хандлагыг бий болгож, хүн бүрийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлон, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлж, өвчлөлд нөлөөлөх шалтгааныг тогтоон өвчлөл, нас баралтыг бууруулснаар Говь-Алтай аймгийн хүн амын дундаж наслалтыг 80-аас дээш хүргэх зорилготой аж.


Хөтөлбөрийн зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгжээс эхлэн хоёрдугаар шатлалын байгууллага оролцохоороо онцлогтой юм. Ард иргэдийн дундах өвчлөл, тэдний нас баралтын шалтгааныг бууруулахад ахиц гаргасан сум, өрхийн эмнэлгийн хамт олныг багаар нь шалгаруулж, 50 хүртэлх сая төгрөгөөр шагнан урамшуулна хэмээн хурлын үеэр Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цохон тэмдэглэсэн юм. 



Сонирхуулахад, Говь-Алтай аймгийн хэмжээнд нас баралтын 30 гаруй хувийг эзэлж буй хорт хавдраар 500 гаруй хүн бүртгэгдэн, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ авч байна. 2023 он гарсаар нийт 17 хорт хавдрын тохиолдол шинээр бүртгэгдсэн тухай холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ