ХӨВСГӨЛ: Ихэнх нутгаар цас их орж өвөлжилт хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-11-30 14:41:31

Мөрөн, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Галт сумын хэмжээнд 4 багийн нутаг дэвсгэрт 1092 өрхийн 388824 толгой мал өвөлжиж байна.




Галт сумын нийт  нутгаар цас ихээр орж сүүдэр газар мөстөж хатууран мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байна.


Одоогийн байдлаар цасны зузаан 20-30 см, 25-37 см хунгартай, 6-10 см хөрлөж хатуурч мөстсөн байгаа нь мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байна.


Цэцэрлэг сумын нийт нутгаар цасан бүрхүүл тогтож агаарын дундаж температур олон жилийн дунджаас -4,9 градусаар хүйтэн, цасны зузаан 20-60 см, зам даваа хаагджээ.




Зам давааг нээхэд түлш шатахууны зардал их гарч байгаа бөгөөд дахин нэмж цас орвол сум орон нутагт санхүүгийн нөөц хөрөнгө байхгүй болсон байна.


Зудын эрсдэлийн урьдчилсан үнэлгээгээр 8,4 буюу их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.

 

Шинэ-Идэр сумын нутагт цасны зузаан гуу жалгандаа 70-80 см, тал газраа 15-20 см, хөрлөж нягтарсан байна.


Отроор 36  малчин өрхийн 13,6 мянган толгой мал явж байна. Одоогоор нэмэгдэл тэжээлд 450 толгой малыг оруулсан.

Малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 30 хувийг зарцуулжээ.


Иймээс олон улсын болон иргэдийн тусламж дэмжлэг хэрэгтэй байгааг малчид хэлж байлаа.

Холбоотой мэдээ