ОХУ-аас ойрын үед 350 вагон дизель түлш оруулж ирэхээр болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын ДУМ-ын тодорхой хүмүүстэй хэд хэдэн удаа утсаар ярьсан. Энэ хүрээнд ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд буюу Засгийн газар хоорондын комиссын Оросын талын дарга А.А.Козлов манай улсад ирж, уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ОХУ-ын төмөр замын даргатай ярьж, тохиролцоод 730 вагон дизель түлшийг ойрын хугацаанд оруулж ирэхээр ярилцсан. Хамгийн сүүлийн тохиролцоогоор өнөөдөр 117 вагоныг нь оруулж ирэхээр ярилаа. Маргааш буюу энэ сарын 30-нд 54, ирэх сарын 1-нд 67, 2-нд 102, нийт 350 вагон дизель түлш оруулж ирэхээр эцсийн байдлаар тохирсон байна.
Мөн тодорхой бараануудын гаалийн татварыг чөлөөлөх асуудал яригдсан. Монголын талаас 800 орчим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх саналыг тавьж байсан. ОХУ-ын талаас нэг асуудал дээр төвлөрч ажиллая гэсэн. Тодруулбал, мах махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир дээр гаалийн тарифаас нь чөлөөлөх асуудлыг эхний ээлжинд ярилаа” хэмээсэн мэдээллийг өглөө.