Аргентины ерөнхийлөгчийн сонгуульд Х.Майли ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-20 12:16:59

БУЭНОС-АЙРЕС, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /DW/. Ням гарагт Аргентины ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж, либертари үзэлт Хавьер Майли яллаа.


Түүний өрсөлдөгч эдийн засгийн сайд, перонист бодлого баримталдаг Сержио Масса ялагдлаа хүлээн зөвшөөрчээ. "Мэдээж сонгуулийн дүн бидний хүлээлтээс өөр гарлаа. Би Хавьер Майлид баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөсөн. Учир нь тэр аргентинчуудын дийлэнх олонхын саналаар сонгогдсон, ирэх дөрвөн жилийн турш ажиллах ерөнхийлөгч шүү дээ" гэж тэрбээр хэллээ.


Энэ хоёр хүн олон арван жилийн өр, санхүүгийн муу менежмент, валютын ханшийн савалгааны улмаас инфляцын үзүүлэлт нь гурван оронтой тоонд хүрээд байгаа (142 хувь), Латин Америкийн гурав дахь том эдийн засаг бүхий тус улсын ирээдүйг тэс өөрөөр төсөөлж байгаа юм.


Х.Майли ялалтаа тэмдэглэхдээ улс орныхоо эдийн засгийн уналтыг зогсоохоо амлажээ.


"Өнөөдрөөс Аргентиныг сэргээн босгох ажил эхэлж байна. Өнөөдөр Аргентины уналт төгсөж байна. Өнөөдөр түгээмэл болоод байгаа загвар буюу төр нь иргэдийнхээ олонхыг ядууруулдаг загвар дуусгавар болж байна" гэж хэт барууны популист үзэлт Х.Майли хэлжээ.

Холбоотой мэдээ