Хил дамнасан төмөр замын төсөлтэй танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-11-15 11:32:45

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг хамтран барих, хилийн түр гарц нээх, журам тогтоох талаар Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн тохиролцох хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.


Тус ажлын хэсгийн БНХАУ-ын Төмөр замын газар, “Чайна энержи групп”, “Чайна энержи Баошөн төмөр зам” ХХК-ийн төлөөлөл Гашуунсухайт-Ганцмод боомтын үйл ажиллагаатай танилцлаа.


Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтыг холбох төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар жилд 30-50 сая тонн хүртэлх нүүрс экспортод гаргах боломжтой болох аж.



Монгол Улсын талаас ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр, БНХАУ-ын талаас Улсын төмөр замын газрын төлөвлөлт, стандартын судалгааны хүрээлэнгийн дэд захирал Дан Ли, “Чайна энержи Баошөн төмөр зам” ХХК-ийн хил дамнасан төмөр замын төсөл хариуцсан захирал Ван Шань Жүн нар болон ажлын хэсгийн бусад гишүүд Гашуунсухайт-Ганцмод боомт, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам, Гашуунсухайт өртөө, шилжүүлэн ачих терминалын төсөлтэй газар дээр нь танилцаж, ажиллалаа.


Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ТЭЗҮ болон зураг төслийг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа бол бүтээн байгуулалтын ажлыг 2024 оны эхний улиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлын ханган ажиллаж байна.

Холбоотой мэдээ