BBC: Дубайд болох COP28 ямар ач холбогдолтой вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-11-09 16:07:30

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /BBC/. Дэлхийн улс орнуудын удирдагчид АНЭУ-ын Дубай хотноо болох НҮБ-ын дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах асуудлыг хэлэлцэх гэж байна.


Энэ онд дэлхий даяар байгалийн олон гамшигт үзэгдэл нүүрлэж, цаг уурын олон тоон үзүүлэлт түүхэн дээд түвшинд хүрсний дараа болох гэж байгаагаараа энэ удаагийн уулзалт арга хэмжээ онцлогтой.


COP28 гэж юу вэ? Хаана болох вэ?

COP28 бол уур амьсгалын асуудлаар НҮБ-аас жил тутам зохион байгуулдаг чуулган бөгөөд Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн тогтоон барих, түүнд бэлэн байх тухай асуудлыг хэлэлцдэг.


Энэ удаагийн чуулган АНЭУ-ын Дубай хотноо 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд болно. COP нь талуудын бага хурал гэсэн үгийн товчлол бөгөөд талууд гэдэг нь 1992 онд уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод гарын үсэг зуран нэгдсэн орнууд юм.


COP28-ыг Дубайд зохион байгуулж буй нь маргаан дагуулав

АНЭУ бол дэлхийд газрын тосны олборлолтоороо тэргүүлэгч 10 орны нэг юм. Тус улсын эрх баригчид төрийн өмчит газрын тосны компанийн гүйцэтгэх захирал Султан Аль Жаберийг COP28 чуулганы даргалагчаар томилжээ.


Газрын тос бол хий, нүүрсний нэгэн адил олборлодог түлш юм. Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаануудын нэг болж байгаа эдгээр түлшийг эрчим хүч гарган авахын тулд шатаах үед нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг манай гаргийн уур амьсгал дулаарахад нөлөөлж буй хүлэмжийн хийнүүд ялгардаг.


Харин С.Жаберийн газрын тосны компани олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Түүнийг чуулганы даргалагчаар томилсон нь шүүмжлэл дагуулжээ. Уг томилгоог байгаль орчныг хамгаалагчдын 350.org гэдэг хөдөлгөөнийнхөн "тамхи үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирлаар хорт хавдрын эмчилгээний асуудлаарх хурлыг удирдуулж байгаатай" адилтган шүүмжилсэн байна. 


Харин С.Жаберийн хувьд өөрийгөө газрын тос, байгалийн хийн салбараас шаардлагатай арга хэмжээ авахад түлхэц үзүүлэхүйц онцгой байр суурь баримталж байгааг онцлоод, сэргээгдэх эрчим хүчний Masdar фирмийн тэргүүний хувиар салхи, нарны эрчим хүч зэрэг цэвэр технологиудыг хөгжүүлэх ажлыг удирдаж байгаагаа мэдэгдлээ.


COP28 яагаад чухал вэ?

COP28 нь дэлхийн агаарын температурын өсөлтийг 1.5 хэмд тогтоон барих зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Энэ бол 2015 онд Парис хотноо 200 орчим орны удирдагчдын баталсан хэлэлцээрийн гол зорилт юм.


НҮБ-ын цаг уурын асуудал эрхэлсэн байгууллага болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн /IPCC/ мэдээллээр, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилт нь уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн их хор хөнөөлтэй нөлөөллөөс зайлсхийхэд нэн чухал юм.


Дэлхийн урт хугацааны дулаарлын үзүүлэлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үе буюу хүн төрөлхтөн олборлодог түлшийг их хэмжээгээр шатааж эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад одоогоор ойролцоогоор 1.1-1.2 хэмд хүрээд байна.


Гэсэн хэдий ч дэлхийн улс орнуудын одоогоор өгөөд буй амлалтуудаас үл хамааран манай гараг 2100 он гэхэд 2.5 хэм орчмоор дулаарах тооцоо гараад байна. Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих боломж улам бүр багасаж буйг НҮБ анхааруулсаар байгаа юм.


COP28-ын үеэр ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

COP28-ын үеэр Парисын хэлэлцээрийн зорилтуудад хүрэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээс гадна дараах асуудлуудад анхаарал хандуулна.

  • эрчим хүчний цэвэр эх үүсвэр рүү шилжих үйл явцыг хурдасгах
  • уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээнд зарцуулагдах хөрөнгө мөнгийг баян орнуудаас гаргуулан ядуу орнуудад өгөх, хөгжиж буй орнуудад зориулсан шинэ хэлэлцээр дээр ажиллах
  • байгаль, хүмүүст анхаарал хандуулах
  • COP28-ыг хамгийн хүртээмжтэй болгох

Мөн эрүүл мэнд, санхүү, хоол хүнс, байгаль орчин зэрэг асуудлаар сэдэвчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна.


COP28-д хэн хэн оролцох вэ?

Нийт 200 гаруй орны Засгийн газруудад урилга хүргүүлсэн бөгөөд АНУ, Хятад, Энэтхэг зэрэг хэд хэдэн орны удирдагчид оролцох эсэхээ хараахан баталгаажуулаагүй байна.


Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак уг арга хэмжээнд оролцох бөгөөд хаан Чарльз мөн оролцоно гэдгийг Букингемийн ордноос мэдэгджээ. Тэрбээр 12 дугаар сарын 1-нд төлөөлөгчдөд хандаж үг хэлнэ.


Мөн байгаль орчныг хамгаалах байгууллагууд, нийгмийн бүлгүүд, судалгааны төвүүд, бизнес эрхлэгчид, шашны бүлгүүд оролцоно. 2022 онд болсон COP27-д олборлох салбарын олон зуун төлөөлөгч оролцож байв.


Зөвшилцөлд хүрэхэд хүндрэлтэй ямар асуудлууд байна вэ?

Утааг нь шүүх технологигүйгээр шатааж буй нүүрс, газрын тос, хий зэрэг “хэрэглээ нь буурдаггүй” олборлодог түлшний ирээдүйн талаар санал зөрөлдөөн гарах магадлалтай байна.


Тэдгээрийн хэрэглээг үе шаттайгаар бууруулахыг С.Жабер уриалсан бөгөөд энэ нь цаг хугацааны явцад багасах хэдий ч бүрмөсөн хэрэглэхгүй болно гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч Европын Холбоо үе шаттайгаар бууруулах чиглэлд хүчин чармайлт гаргах төлөвтэй байна.


Байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдийн хувьд олборлодог түлшний хэрэглээг хязгаарлах гэрээ нь зарим олборлолтыг үргэлжлүүлэх боломжийг олгоно гэдгийг онцолж байна. Тэд хорт утааны ялгарлыг тогтоон барих асуудлыг өргөн цар хүрээнд авч үзэх баталгаа байхгүй байгааг мөн санууллаа.


Хөрөнгө мөнгөний асуудал ч мөн тулгарч байна. COP27-гийн үеэр баян чинээлэг орнууд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаваруудтай тулгарч буй ядуу буурай орнуудад зориулан сан байгуулахаар тохиролцсон билээ. Гэхдээ ийм сан үйл ажиллагаагаа хэрхэн явуулах нь тодорхойгүй хэвээр байна. Жишээлбэл, АНУ түүхэнд тэмдэглэгдэн үлдэхүйц их хэмжээний хорт утаа ялгаруулсныхаа төлөө цаг уурын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ.


2009 онд хөгжингүй орнууд утааг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн байхын тулд хөгжиж буй орнуудад 2020 он гэхэд жилд 100 тэрбум доллар олгох үүрэг хүлээсэн юм. Өнгөрсөн хугацаанд уг зорилгыг биелүүлээгүй ч 2023 онд уг зорилтод хүрч магадгүй байна.


COP28-аас дорвитой өөрчлөлт гарах уу?

Өмнөх COP-ыг шүүмжлэгчид, тухайлбал, байгаль орчныг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Грета Тунберг ярихдаа, улс орнууд болон бизнес эрхлэгчид шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхгүйгээр зөвхөн өөрсдийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо сурталчилдаг " гэж  шүүмжилж байв.


Гэхдээ дэлхийн улс орнуудын удирдагчид хуран чуулж, дээд хэмжээний уулзалтуудыг хийж байгаа нь улс үндэстний хүрээнээс хальсан дэлхийн хэмжээний хэлэлцээр байгуулах боломжийг олгодгоороо онцлогтойТухайлбал, Парист болсон COP21-ийн үеэр тохиролцсон дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилт нь “уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэлхийн хэмжээний арга хэмжээг авахад чиглүүлж байна. 

Холбоотой мэдээ