Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын олон улсын импортын үзэсгэлэнтэй танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-11-09 13:32:34

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Шанхай хотноо болж буй Хятадын олон улсын VI дахь удаагийн импортын үзэсгэлэнтэй танилцлаа. Тэрбээр энд дэлгэсэн Монгол Улсын павильоноор зочилж, ААН-үүдийн төлөөлөлтэй уулзав.


Хятадын олон улсын импортын үзэсгэлэн нь тус улсын санаачилан дэвшүүлсэн “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын хүрээнд 2018 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны оролцогч 64 улс орон өөрийн улсын үндэсний павильон нээн оролцож байна.



Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын үндэсний павильоныг БНХАУ-ын цахим худалдааны сүлжээ платформ JD.com-д албан ёсоор нээв.


Үзэсгэлэнд дэлхийн 154 улс орон, бүс нутгийн нийт 3400 гаруй аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд дунд “Fortune Global-500” жагсаалтад багтсан 289 компани оролцож байгаа юм.


Хятадын олон улсын импортын үзэсгэлэнд дэлгэсэн Монгол Улсын үндэсний павильоныг үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-ын хамгийн алдартай, нөлөө бүхий цахим худалдааны сүлжээ платформ JD.com-д албан ёсоор нээлээ. Нээлтэд мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа ерөнхий консул Д.Болд, БНХАУ-ын “Жиндун группийн дэд ерөнхийлөгч Е Вэй, Ли Лө нарын зочид оролцлоо.


Нээлтийн үеэр талууд цаашид хамтран ажиллахаар болж павильоны үйл ажиллагаа харицагч Шанхай Шинэ трейдинг ХХК-ийн захирал Б.Золцэнгэл, БНХАУ-ын “Жиндун группийн Үндэсний павильоны захирал Ма Инцай, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газрын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга нар гарын үсэг зурлаа.


Цахим худалдааны сүлжээ дэлгүүр болох JD.com нь БНХАУ-ын хамгийн алдартай, нөлөө бүхий цахим худалдааны платформ бөгөөд Хятад даяар зургаан ложистикийн төв, 360 гаруй суурин түгээх станцтай. JD Worldwide-ийн Үндэсний павильон төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж, олон орнууд өөрсдийн үндэсний павильоноо нээсээр байна.


JD.com нь улс орнуудын үндэсний павильоныг нээж, цаашид "цахим" дэлхийн яармагийг зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд үйлчлүүлэгчид хүссэн зүйлээ хаанаас ч, хэдийд ч худалдаж авах боломжийг олгохоос гадна Үндэсний павильон хөтөлбөр нь ялангуяа COVID-19-ийн үед гадаадын үйлдвэрлэгчдийг Хятадын зах зээлд нэвтрэхэд тусалж иржээ

Холбоотой мэдээ