Хунтайж Уильямын “Earthshot” шагналын эзэд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-11-08 14:30:34

СИНГАПУР, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /BBC/. Уэльсийн хунтайж Уильям “Earthshot” шагналын эздийг тодруулах ёслолын үеэр үг хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийн хямрал нь ойшоохгүй байхын аргагүй ноцтой асуудал болж хувирсныг сэрэмжлүүллээ. 


Байгаль орчныг хамгаалах үйлсийг урамшуулах зорилготой энэхүү шагналыг 2021 оноос эхлэн жил бүр олгож байгаа юм. Хунтайж Уильям Сингапурт болсон ёслолын үеэр хэлсэн үгэндээ, 2021-2030 он хүртэлх он жилүүдийг эх дэлхийгээ хамгаалах хамтын ажиллагааны арван жил болгож чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Үүний дараа тэрбээр 1 сая фунт стерлинг буюу 1.2 сая ам.долларын шагналын эздийг зарлав. Тэдний дунд дахин боловсруулахад хялбар эд ангиудыг ашиглан цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуур үйлдвэрлэдэг компанийг байгуулсан, тариаланчдад хүнсний хог хаягдлыг бууруулахад туслах схемийг боловсруулсан хүмүүс байлаа.


“Earthshot” шагналыг “Байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээе”, “Агаараа цэвэрлэе”, “Далайгаа сэргээе”, “Хог хаягдалгүй дэлхий ертөнцийг бүтээе”, “Уур амьсгалыг тохируулъя” гэсэн таван чиглэлээр олгодог бөгөөд төрөл тус бүрд эцсийн шалгаруулалтад тунаж үлдсэн гурван оролцогчоос тус бүр нэг ялагчийг тодруулжээ


“Байгаль орчноо хамгаалж, нөхөн сэргээе”

Өмнөд Америк, Андын нуруу, “Acción Andina” санаачилга: Энэхүү санаачилга нь нийтийн сайн сайхны төлөө хамтран ажиллах үүрэг амлалтад түлхүү анхаардаг бөгөөд ой мод, экосистемийг хамгаалахын тулд нутгийн болон уугуул иргэдийн төлөөлөл болох олон арван мянган хүнийг нэгтгэдэг ажээ.


“Агаараа цэвэрлэе”

Хятад, Хонконг, “GRST” компани: Цахилгаан автомашины зах зээл эрчимтэй тэлж буй өнөө үед “GRST” компани лити-ион цэнэг хураагуурыг үйлдвэрлэх, дахин боловсруулах илүү цэвэр, аюулгүй бөгөөд хямд аргыг боловсруулжээ. Тодруулбал, металлуудыг эдийн засгийн хувьд илүү үр ашигтайгаар сэргээж, дахин ашигласнаар цаашид олборлолтыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байна. Үүний дүнд үйлдвэрлэлээс ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг 40 хувиар бууруулж, цэнэг хураагуурын ашиглалтын хугацаа дунджаас 10 хувиар уртсаж байгааг “Earthshot” онцолжээ.


“Далайгаа сэргээе”

WildAid Marine” олон улсын хөтөлбөр: Энэхүү ашгийн бус хөтөлбөр нь хүний үйл ажиллагааг хатуу чанд зохицуулдаг Далайн хамгаалалттай бүс нутгийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулдаг. Тодруулбал, хууль бус загас агнуураас сэргийлэх, зэрлэг ан амьтдыг хамгаалах, эрэг орчмын бүсийн амьжиргааг сайжруулах чиглэлд ажилладаг.


“Хог хаягдалгүй дэлхий ертөнцийг бүтээе”

Энэтхэг, S4S Technologies” байгууллага: Их сургуулийн зургаан найз хамтран 2013 онд үүсгэн байгуулсан энэхүү байгууллага нь хөдөө орон нутгийн иргэдэд хүнсний хог хаягдал, ядуурал, хүйсийн тэгш бус байдалтай тэмцэхэд нь тусалдаг. Тухайлбал, нарны эрчим хүчээр ажилладаг хатаагч тоног төхөөрөмж нь жижиг тариалан эрхлэгчдэд ургацаа хадгалахад туслахаас гадна хаягдал бүтээгдэхүүнийг үнэ цэнтэй болгон хувиргадаг.


Уур амьсгалыг тохируулъя”

Boomitra” компани: Санскрит хэлээр дэлхийн анд нөхөр” гэсэн утга бүхий нэртэй “Boomitra” компани нь тариаланчдыг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулсных нь төлөө урамшуулдаг. Тодруулбал, хиймэл дагуул болон хиймэл оюун ухаанд суурилсан технологийг ашиглан тариаланчдын хийж буй хөрс сайжруулах ажлыг хянадаг. 

Холбоотой мэдээ