"Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” ном Францын “Түүхийн болзоо” наадмын Гран-при шагналыг хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-05 18:18:13
@ShoovdorBatbold

Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Парисын Нантерре Их сургуулийн багш, түүх судлаач Мари Фавэругийн бичсэн "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” ном Франц улсын Блуа хотноо болдог “Түүхийн болзоо” наадмын Гран-при шагналыг хүртжээ. Уг шагнал нь Францын түүхийн сэдэвт бүтээлийн хамгийн том шагнал юм байна.


Хатагтай Мари Фэвэру (Marie Favereau) Монголын эзэнт гүрэн, тус эзэнт гүрний нэгэн том хэсэг нь байсан Алтан ордны улсын талаарх "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь”  (The Horde: How the Mongols changed the World) номоо 2021 онд бичсэн бөгөөд 2023 оны тавдугаар сард "Монсудар" хэвлэлийн газраас монгол хэлнээ орчуулан гаргасан юм.


Анх Харвардын их сургуулийн хэвлэлийн газарт англи хэлээр хэвлүүлсэн тус бүтээл хэвлэгдсэн цагаас судлаачид, тэр тусмаа монгол судлаачид, монголын түүхийг сонирхон уншигчдын сонирхлыг татсан юм. Уг номд Монголын эзэнт гүрний байлдан дагууллаас үүссэн Алтан Орд улсын түүхэн нөхцөл, засаглал, хөгжил, оршин тогтнох хугацаандаа нүүдэлчин шинжээ хадгалахын зэрэгцээ орчиндоо зохицон хувьсаж, өөрчлөгдсөн түүхийг судалгаагаар гаргаж тавьж, Алтан Ордын үндсийг тавигч, Чингис хааны ууган хүү Зүчийн удмынхны үе залгамжлан баримталж ирсэн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын бодлогыг шинжлэн судалж, судлаачийн үнэлэлт дүгнэлтийг өгчээ. 


"Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" номын зохиогч, хатагтай Мари Фавэругийн МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлагыг дараах холбоосоос уншина уу.

1. ТҮҮХИЙН СЭРГЭЛТ: Дэлхийн түүхэн дэх Монголчуудын нөлөөллийг тодруулагч хатагтай Мари Фавэру (montsame.mn)

2. Marie Favereau: Research is a constant endeavor, and it feels like this is just the beginning (montsame.mn)

3. Мари Фавэругийн "Алтан Орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" ном монгол хэлээр хэвлэгджээ (montsame.mn)


Холбоотой мэдээ