Монгол Улс хөрөнгө оруулагчдад зориулсан тусгайлсан бага хурал зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2023-11-01 09:47:38

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улс IMARC-д анх удаа хөрөнгө оруулагчдад зориулсан тусгайлсан бага хурал зохион байгуулав.


Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн IMARC-2023” чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг Австрали улсын Сидней хотноо эхэллээ. Энд манай улсаас УУХҮЯ, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, АМГТГ, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюутолгой, АМЕП хөтөлбөр, Asian Bat, Хан-Алтай ресурс, Jade gas, Занаду майнс, ТМК Энержи”-ийн төлөөлөл оролцож, хөрөнгө оруулалтын төслүүдээ танилцуулж байнаМөн Монгол Улс IMARC-2023”-д анх удаа хөрөнгө оруулагчдад зориулсан тусгайлсан бага хурал зохион байгуулж уул уурхайн компаниуд энэ үеэр өөрсдийн мэдээллээ өгч байна.


Монгол Улсын тусгайлсан бага хурлын хөтөлбөрийг Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит нар нээлээ. Хөтөлбөрийн эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Бямбадагва “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого”-ыг танилцуулав.

Монгол Улсын тусгайлсан бага хурлын талаар Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа дүгнэж хэлэхдээ, “Энэ оны 10 дугаар сарын дундуур Улаанбаатар хотноо болсон "Mining week" арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцсон. Тэгвэл Австралийн IMARC чуулган, үзэсгэлэн болон Англи, Канадад болдог хөрөнгө оруулалтын чуулгануудад Монгол Улсын талын төлөөлөл тогтмол оролцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа”-г онцоллоо.


Энэ жилийн “IMARC-2023”-д дэлхийн 120 гаруй орны 470 орчим компани өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. IMARC-2023” олон улсын арга хэмжээ энэ сарын 2-ныг хүртэл Сидней хотноо үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ