ТӨВ: Дэгдээхий цэцэрлэг Steam тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-01 14:37:12

Зуунмод, 2023 оны 10 дугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Дэгдээхий цэцэрлэг нь бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухаанч, технологи, инжинерчлэл, урлаг, математик сэтгэлгээг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдлаа.

 


Энэхүү тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн нь  сургуулийн өмнөх боловсролын байгууллагын суралцагчдад зориулсан 3, 4, 5 насны ангилал тус бүрд 32, нийт 96 загвар бүхий хичээлтэй, багш, сурагчдын гарын авлага, эцэг эх-асран хамгаалагчтай харилцах дэвтэр бүхий агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээс бүрдэх “цогц шийдэл” аж.

 

Нэгэн зэрэг 30-40 хүүхэд хичээллэх иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй, 10000 гаруй ширхэг эд ангиас бүрдэх, тавиур хайрцагтай нийт 17.200.000 төгрөгийн үнэ бүхий эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан сургалтын хэрэглэгдэхүүн юм.

 

Тус хэрэглэгдэхүүнээр хангаж байгаа нь “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” зорилготой бөгөөд БШУЯ болон “Шимт боловсрол” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа аж.



STEAM нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик гэсэн утгатай. Энэхүү тоглоом нь сургуулийн өмнөх ур чадвар, ойлголтыг тоглоом, хэлэлцүүлгээр дамжуулан судалж, дараа нь эдгээр чадварыг илүү олон тоглоомоор дамжуулан хэрэгжүүлж ирээдүйд суралцах бат бөх суурийг бий болгож чаддаг байна. 






Холбоотой мэдээ