ӨВӨРХАНГАЙ: Эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын сэдвээр хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-30 21:40:05

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/.  Аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй Төлөөлөгчид өнөөдөр Эмэгтэй төлөөлөгчдийн манлайлал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт оролцлоо.


Хэлэлцүүлгийн гол сэдэв нь хүүхэд хамгааллын тухай байв. 2015 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хэрэгжилтийн байдалд эмэгтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд хяналт, шалгалтыг хийсэн бөгөөд дүнг өнөөдрийн хэлэлцүүлгээр танилцуулсан юм.


Хөтөлбөрийн хүрээнд олон удаагийн чуулга уулзалт, зөвлөгөөн, уралдаан тэмцээн, өдөрлөг, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, 20 гаруй мянган хүнийг хамруулжээ. 2019 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хэрэгжилтийг дүгнэн 70 хувьтай үнэлсэн байна. “Гэвч энэ бол цаасан дээрх тоо. Түүний ард ямар үр дүн үлдсэн бэ? Энэ 20 гаруй мянган хүний хэд нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж чадсан бэ гэдэг нь чухал” хэмээн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Нарангарав илтгэлийнхээ үеэр онцоллоо.


Хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлууд нь зөвхөн сургууль, цэцэрлэгээр хязгаарлагдах биш, бүх байгууллагын хэмжээнд зохион байгуулах, хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өрнүүлэх шаардлагатайг Ажлын хэсгийн дүгнэлтэд тусгасан байна.


Ташрамд дурдахад, 2019-2023 онд аймгийн хэмжээнд хүүхдийн эрх ашиг хохирсон гэмт хэрэг 178 бүртггэдсэн бөгөөд зөвхөн энэ оны байдлаар гэмт хэргийн улмаас нэг хүүхэд амиа алдаж, 18 хүүхэд гэмтэл бэртэл авчээ.


Эмэгтэй төлөөлөгчдийн манлайлал” форумыг аймгийн ИТХ-аас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төсөл”-ийн “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-тэй хамтран зохион байгууллаа.


Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэх зорилготой, гишүүнчлэлд суурилсан “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” нь Өвөрхангай аймагт 2021 онд 22 гишүүнтэйгээр байгуулагдсан бол одоогоор 135 гишүүнтэй болж өргөжөөд байна. 2020 оны Орон нутгийн сонгуулиар аймаг, сумын ИТХ-д 488 төлөөлөгч сонгогдсоноос 136 нь эмэгтэй төлөөлөгч аж. 


Холбоотой мэдээ