Монгол-Японы иргэдийн мэдээллийн гүүр болсон “Монгорү Цүүшин” сонин 20 нас хүрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-10-27 19:37:28

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг улс орондоо болж буй үйл явдлын мэдээ, мэдээллийг дэлхий дахины сонорт хүргэж, гадаад ертөнцийн мэдээг монголчууддаа түгээдэг чухал үүрэгтэй. www.montsame.mn сайтаараа дамжуулан англи, орос, хятад, япон хэл болон босоо монгол бичгээр өдөр тутам мэдээлэл хүргэхээс гадна долоо хоног тутам сонин, улирал тутам англи хэлээр сэтгүүл гаргаж, түгээдэг олон жилийн уламжлал, туршлагатай мэргэжлийн томоохон агентлаг юм.


Эдгээр тогтмол хэвлэлийн нэг болох япон хэлээр гардаг “Монгорү Цүүшин” сонин өнөөдөр 20 жилийн ойтойгоо золгож байна. Тус сонин 20 жилийн хугацаанд Монгол орон, монголчуудыг Японы ард түмэнд танилцуулахад ихээхэн хувь нэмэр оруулж, дипломат үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэхэд хилсдэхгүй.


Анх англи, орос, хятад хэлээс гадна босоо монгол бичгээр долоо хоног тутмын сонин гаргадаг байсан МОНЦАМЭ агентлаг 2003 оноос япон хэлээр уншигчдын хүртээл болдог сонинтой болсон түүхтэй. Тухайн үеийн Монгол Улсын гол хандивлагч орон болох Японы ард түмэнд өөрийн орны тухай мэдээллийг тогтмол хүргэх, тус улс дахь Монголыг дэмжигчдийг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү япон хэл дээрх сониноо гаргах шийдвэр гаргажээ. 2003 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 48 тоот тушаалаар редакцыг эмхэлж, аравдугаар сарын 15-нд анхны дугаараа уншигчдад хүргэж байв. Тэгвэл өнөөдөр энэ сонин 20 нас хүрч, долоо хоног тутамд өнгөтөөр хэвлэгдэн, арлын орны уншигчдад хүрч байна.


20 жил тасралтгүй уншигчдадаа Монголд болон Японд болж буй онцлох үйл явдлын мэдээ, сурвалжилгыг хүргэж ирсэн тус сонин ойдоо зориулан гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээв. Уран зургийн галерейд нээлтээ хийсэн тус үзэсгэлэнд МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи тэргүүтэй албаныхан, хамтран ажиллагсад оролцлоо.


Японоос Монголд ирсэн анхны Элчин сайд итгэмжлэх жуухаа барьсан түүхэн үйл явдал, Японы ард түмний буцалтгүй тусламжаар бүтээн байгуулсан Нарны гүүр, Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны буудал, Арлын орны үндэсний спорт болох сумогоор шуугиулж явсан аваргуудын гэрэл зураг зэрэг 60 гаруй бүтээлийг үзэсгэлэнд дэлгэж, зочдын нүдийг хужирлалаа. Мөн Япон-Монгол орон болон хоёр орны ард түмний гүүр болсон “Монгорү Цүүшин” сонины анхны дугаараас эхлээд түүхэн гэрэл зургуудыг ч үзэсгэлэнд дэлгэсэн байв.


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Бид өнөөдрийн үйл ажиллагаагаа “Уяхан замбуу тивийн наран дор” гэх уртын сайхан дуугаар эхлүүлэн нээж буйг Та бүхэн сонсоод мэдэрсэн байх. Наран мандах зүгт Монголын дотнын анд байдаг. Олон жил монголчуудтай зүрх сэтгэлээрээ холбоотой байж, хүнд хэцүү болон жаргалтай үед ч түшиж, баяраа хуваалцаж ирсэн дотнын андтайгаа Монгол Улс өнгөрсөн жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ сайхан найрамдал, нөхөрлөлийн илэрхийлэл болсон “Монгорү Цүүшин” сонин 20 жилийн ойтойгоо золголоо. Хоёр орны найрсаг харилцааг наран үргэлж ивээг гэсэн үүднээс дээрх дууг сонгосон юм.


Сонин гэдэг бол хүн төрөлхтний бодож олсон бас нэг оюуны талбар билээ. Үргэлж сонин сайхныг түгээж явдаг. Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг бол 102 жилийн түүхтэй байгууллага. Байгуулагдсан цагаасаа л Монголын сайн сайхныг дэлхийд таниулах, хамтын ажиллагааны хүрээг тэлэх, Монголыг гадаадад сурталчлах үндсэн зорилготой явж ирсэн. Бид таван хэлээр долоо хоног тутамд сонин гаргадаг. Тэгвэл энэ таван сонины хамгийн отгон нь буюу “Монгорү Цүүшин” сонин эрийн цээнд хүрч, идэр насандаа явна. Чингис хаанаас “Хүний амьдралын хамгийн эрхэм баяр юу байдаг вэ” гэж асуусан байдаг. Харин Чингис хаан хариулахдаа “Хорвоод хүн болж, өөрийнхөө амин чанарыг таниулах гэж ирсэн баяр бол хамгийн эрхэм баяр байдаг” гэжээ. Үүнтэй адил “Монгорү Цүүшин” сонин төрсөн өдрөө тэмдэглэхдээ хамгийн ойр дотнын найз нөхдөө урьж, баяраа хуваалцаж байгаа юм. Мөн цаашдын хэтийн төлөвлөгөөгөө найз нөхөдтэйгээ ярилцаж, хамтын ажиллагааны шинэ жимүүдийг тавихаар та бүхнийг урилаа. Хүрэлцэн ирсэн та бүхэнд дахин талархал илэрхийлье” гэв. 

Тэгвэл Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки сэтгэгдлээ хуваалцахдаа “Юуны өмнө “Монгорү Цүүшин” сонины хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сонин маш чухал үүрэгтэй. Танай сонин хоёр орныг мэдээлэл солилцоход гүүр болж байгаа юм. Монголд болж буй үйл явдлыг япончууд “Монгорү Цүүшин”-ээс уншдаг. Мэдээллээ тогтмол гаргаж, үүргээ сайн гүйцэтгэж байгаа сонин. Манай Элчин сайдын яамны хамгийн сайн, чухал түнш болсон гэдгийг энд онцлох нь зүйтэй болов уу” гэв.  


Харин Монгол-Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Дэмбэрэл “Миний тухай хоёр, гурван удаа энэ сонинд нийтлэл гарсан байдаг. Хамгийн гол нь толь бичгээр голлодог. Миний хийсэн бүтээлийг онцолж нийтлэл гаргасан байдаг юм. Тууштай явж байгаа сонин. Япончуудын дунд танигдаж байгаа сонин л доо. 1976 онд анх Алмаз гэдэг хүний гараараа бичсэн Япон, Монголын өврийн дэвтэртэй байлаа. Түүнээс хойш өөрийн гэсэн сонинтой болжээ. Дотооддоо япон хэлээр сонин гаргана гэдэг сайн хэрэг. Дэлхийн улс бүхэнд ийм зүйл байхгүй. Япон хэлээр сонин гаргадаг цөөхөн орны нэг нь Монгол болж байна. Тэр тусмаа МОНЦАМЭ агентлаг япон хэлээр сонин гаргаж байгаа нь сайшаалтай, бахархмаар юм” хэмээн ярилаа.


20 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн зочид бүгд л “Монгорү Цүүшин”-тэй ямар нэгэн байдлаар холбоотой явснаа илэрхийлж, халуун дулаан яриа өрнүүлэн цөөхөн хормыг хамтдаа өнгөрүүлэв. Уг үйл ажиллагаанд мэндчилгээ хүргэхээр хүрэлцэн ирсэн Монголын хүүхдийн ордны сурагчид ч Япон улстай хамтран хэрэгжүүлдэг “Үе чацуутан” хөтөлбөрт хамрагдаж байснаа танилцуулсан юм. 


“Монгорү Цүүшин” сонин нь өдгөө долоо хоног тутам хэвлэгддэг ба сонины уншигч, захиалагчдын дийлэнх нь Монгол Улсад ажиллаж, амьдардаг япон иргэд, Японы төр засаг, бизнесийн байгууллагынхан, оюутан, сурагчид байна.


20 жил тасралтгүй гарч байгаа тус сонин хоёр улсыг холбосон мэдээ, мэдээлэл түгээхээс гадна Монгол дахь япон хэл сурч буй оюутан сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлах зэргээр нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.


Монгол, Японы харилцаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Монгорү Цүүшин” сониныг 2013 онд Японы Элчин сайдын өргөмжлөлөөр шагнаж байв. Сүүлийн жилүүдэд МОНЦАМЭ агентлаг “Монгорү Цүүшин” сонины редакцад түшиглэн япон хэлээрх мэдээ мэдээллээ цахим болон уламжлалт сонин гэсэн хосолсон хэлбэрээр түгээн уншигчдынхаа хүрээллийг тэлж байна. 


















Холбоотой мэдээ