ТӨВ: “Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-28 22:25:17

Зуунмод 2023 оны 10 дугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Номын баяр”-ын бэлтгэл ажилд зориулан “Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолтыг цэцэрлэг, сургуулиуд шилдгүүдээ шалгаруулан зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү ажлын хүрээнд Төв аймгийн Хүмүүн цэцэрлэг энэ сарын 25-ны өдөр цэцэрлэгийн байрандаа зохион байгууллаа.

 

Тус цэцэрлэгийн 8 бүлгийн 50 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс тэргүүн байрыг П.Болормаа, Ж.Сайнаа багштай "Дэгдээхэй" бэлтгэл бүлэг эзэлж, дэд байрт Э.Батцэцэг Д.Отгончимэг багштай "Можуух" дунд бүлэг шалгарав. Мөн эмэгтэй шилдэг дүрээр "Можуух" бүлгийн суралцагч С.Эгшиглэн, шилдэг эрэгтэй дүрээр "Бүжин" бүлгийн суралцагч Э.Эрхэмрдэнэ нар шалгарсан байна

 

Дүрийн тоглолтын онцлог, давуу талын талаар Хүмүүн цэцэрлэгийн багшаас тодруулахад, “Дүрийн тоглолт хийснээр хүүхдүүд үлгэрийг ойлгох, сонирхох сэдлийг төрүүлж өгдөг. Ингэснээр цаашид ном унших хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлж, уран сэтгэмж, авьяас ур чадварыг нь нээн хөгжүүлэх эхлэл нь болж өгдгөөрөө онцлог” гэв.

 

Уг дүрийн тоглолт нь бага насны хүүхдийн үгийн баялгийг нэмэгдүүлэх, эх хэлээрээ зөв, тод ярьж, зохиолын баатрын дүрээр дамжуулан хүмүүжлийн эерэг зан чанарт суралцах, дүрд хувиран жүжиглэж өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой аж. 





Холбоотой мэдээ