ДАРХАН-УУЛ: Айлуудын бохирыг үнэ төлбөргүй соруулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-27 15:23:39

Дархан, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дархан сумын гэр хорооллын багуудын айл, өрхүүд эко жорлон буюу зөөврийн ариун цэврийн байгууламж ашигладаг бол үнэ төлбөргүй соруулж, татан зайлуулах ажлыг орон нутаг хариуцахаар болсон талаар аймгийн Засаг дарга наймдугаар сард мэдэгдсэн. Уг ажил хэрэгжиж эхэлсэн бөгөөд айл өрхүүдийн бохирыг захиалгын дагуу соруулж байна. 




Энэхүү ажил нь хөрсний болон орчны бохирдлыг багасган нүхэн жорлонг халж, эко соруулдаг бохирын цооног байгуулсан айл, өрхүүдийг урамшуулж буй орон нутгийн дэмжлэг аж. Цаашид аймгийн ЗДТГ, захирагчийн ажлын албанаас жил бүрийн хавар, намрын улиралд үнэ төлбөргүй бохир соруулах ажлыг зохион байгуулах ажээ.




Уг ажлыг “Дархан Ус суваг” ХК зориулалтын автомашинаар гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжид хүсэлтээ ирүүлсэн 150 айл, өрхийн бохирын цооногийг соруулах ажил үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд багийн захиргаа болон "Дархан-Ус суваг" ХК-д хаягаа өгч захиалгаа баталгаажуулах ажээ.

Холбоотой мэдээ