ЗАВХАН: Барилгын салбарынхан чанартай барилгын материал үйлдвэрлэх талаар суралцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Тус аймагт барилга угсралтын чиглэлээр 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага бий.
Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа таван аж ахуй нэгж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй аж ахуйн нэгжүүд бүртгэлтэй байна.
Тиймээс барилгын материал
үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээ авах чанартай
барилгын материал үйлдвэрлэх талаар барилгын салбарынхан хэлэлцжээ.
Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан 2023 оны 09 дүгээр сарын 01-ний 199/А/117 дугаар тушаалаар “Барилга байгууламжийн чанар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг өнгөрсөн 9 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл улс даяар хэрэгжүүлж байгаа аж.
Энэхүү аянтай
холбоотой Завхан аймагт “Барилга
байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, барилгын
материалын үйлдвэрлэлийн технологийн заавар боловсруулах аргачлал” сэдэвтэй сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Сургалт хэлэлцүүлгийн үеэр барилгын салбарынхан орон нутаг дахь барилгын материал үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцжээ. Түүнчлэн барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээг яагаад авах ёстой.
Чанартай барилгын материал үйлдвэрлэх талаар юуг анхаарах нь чухал вэ, барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр мөрдөгдөж байгаа норм стандарт, ажлын байрны аюулгүй ажиллагааны талаарх мэдээллүүдийг сонссон байна.
Энэ үйл ажиллагаанд Завхан аймагт барилга угсралт, материал үйлдвэрлэл, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөл оролцсон байна
Завхан аймагт барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Арбет” ХХК-д Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс Хучилтын нүхтэй хавтан үйлдвэрлэл, Даацын болон даацын бус ялуу үйлдвэрлэл, Худгийн угсармал төмөр бетон хийц эдлэл үйлдвэрлэлүүдэд нь тохирлын гэрчилгээг олголоо гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.