ӨМНӨГОВЬ: Үйлдвэр технологийн паркийг 100 га талбайд байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-16 11:54:08

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, дэд бүтцийг шийдэх зорилгоор 2022 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоол гарч Даланзадгад  суманд үйлдвэр, технологийн  цогцолбор парк" байгуулахаар шийдвэрлэсэн юм.

 

Тодруулбал, Ноос боловсруулах үйлдвэр, оёдол, нэхмэлийн үйлдвэр, барилгын материалуудын үйлдвэрүүд, мод модон эдлэлийн үйлдвэр зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн төслийг дэмжих зориулалттай тээвэр ложистикийн иж бүрэн үйлдвэрлэлийн цогцолбор байхаар төлөвлөн гүйцэтгэл 40 гаруй хувьтай хийж байна.

 

Үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг 100 га талбайд хийх бөгөөд дэд бүтцийн ажлыг 8,2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэжээ. Энэхүү бүтээн байгуулалтын дэд бүтэц болох цахилгааны шугам, бохирын шугам, мэдээлэл холбооны шугам, Даланзадгад сумын төвтэй холбосон автозам зэргийг цогц хэлбэрээр төлөвлөн бүтээн байгуулж байна. 

 

Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж:

-Үйлдвэр, технологийн цогцолбор паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ хийгдээд дуусч байна. Үүнд цахилгаан болон бохирын шугам, мэдээлэл холбооны шугам, 2,3 км автозам зэрэг нийт 8,2 тэрбум төгрөгөөр энэ ажлыг хийж дууслаа. Одоогоор ноосны үйлдвэрийн барилгын ажлын явц 50 гаруй хувьтай явж байна.

Энэ үйлдвэр малчдынхаа ноосыг үнэтэй авч, эргээд зах зээлд олон бүтээгдэхүүн болгон гаргах гол ач холбогдолтой. Цаашид үйлдвэрлэлийн цогцолбор дуусаад үйл ажиллагаа эхлэхэд ажлын байр нэмэгдэж, сум орон нутгийн иргэд тогтмол ажлын байртай болох зэрэг олон давуу талууд бий болно гэлээ. 

Холбоотой мэдээ