СЭЛЭНГЭ: “Яг өнөөдрөөс гэр бүлдээ” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-13 15:21:42

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа “Залуу гэр бүлүүдэд тогтвортой эрүүл харилцааг бий болгох, түүнд нөлөөлөх сургалт нөлөөллийн ажлыг явуулах нь нийгмийн өмнө шийдвэрлэх ёстой асуудлуудын нэг” хэмээв.

 

Энэ ч үүднээс тэрбээр өөрийн санаачилгаар Гэр бүл судлаач Ж.Баясгаланг аймагтаа урьж ирүүлэн “Яг өнөөдрөөс гэр бүлдээ” сэдэвт сургалтыг зохион байгуулсан байна.

 

Дээрх үйл ажиллагаанд оролцсон Сүхбаатар сумын залуу гэр бүлийн төлөөлөл гэр бүлийн үнэ цэн, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал зөвхөн хосуудын төдийгүй, тэр өрх бүлийн бүх гишүүний аз жаргал, амьдралын чанар, сэтгэл ханамжтай шууд холбоотой гэдэг ухаарлыг олж авчээ.

 

Улс орны хамгийн бага нэгж болох гэр бүл бүр зөв сайхан харилцаатай, эв эетэй, итгэл, хүндэтгэл, ойлголцол дүүрэн байж, эх орны маань ирээдүйн иргэд ёс суртахуунтай зөв хүн болоход нөлөөлөх аж.

 

Тийм ч учраас бүх боловсролын дотроос гэрийн боловсрол, суурь хүмүүжил бага наснаасаа тавигдаж, насан туршид нь өөрийг нь илэрхийлэх үзүүлэлтийн нэг болж өгдөг зэрэг ухаарлыг сургалтын явцад оролцогчдод олгожээ.   

Холбоотой мэдээ