СЭЛЭНГЭ: Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км авто замын засварын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-10 13:23:07

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын засварын ажил энэ сарын 2-ны өдрөөс эхэллээ.

 

Дээрх замын бүтээн байгуулалтын ажил нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор 2.1 сая долларын хөрөнгө оруулалтаар хийж байгаа аж.

 

Уг зам засварын ажлын гүйцэтгэгчийг ЗТХЯ-аас сонгон шалгаруулах тендерийг 6 дугаар сард зарлажээ. Энэхүү тендерт “Үйлсийн зам” ХХК шалгарсан бөгөөд 9 дүгээр сарын 15-наас зам засварын ажлын бэлтгэл ажлаа хангаж, 10 дугаар сарын 2-ноос гэрээ байгуулан ажлаа эхлүүлээд байгаа талаар Сэлэнгэ аймгийн АЗЗА компаниас мэдээллээ.

 

Тухайн төслийн захиалагчаар ЗТХЯ, зөвлөхөөр “ICT SAIN CONSULTING” LLC, гүйцэтгэгчээр нь “Үйлсийн зам “ ХХК дээрх чиглэлийн зам засварын ажлыг 2023-2024 онд хийж гүйцэтгэх юм. Дээрх төслийн хүрээнд Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км замд дараах нэр төрлийн ажлуудыг хийхээр тусгажээ. 

 

-ЗТХЯ-тай байгуулсан гэрээний дагуу 2023 онд:

-Дархан самбараас Цагааннуурын тойрог хүртэлх замын эвдрэл ихтэй 2.2 км замд, Цагааннуурын тойрог өнгөрөөд хар морьтын хөтөл хүртэлх замын эвдрэл ихтэй 1.55 км замд, Хар морьтын хөтлөөс Орхон жимс ногооны салдаг хүртэлх замын эвдрэл ихтэй хэсэг болох 1.4 км замд, Жавхлант сумын салдаг уулзвар өнгөрөөд Ерөөгийн давааны зогсоол хүртэлх 8.0 км замд.

 

Мөн  Ерөөгийн төмөрбетон гүүр гараад Дулаанхааны 4 замын уулзвар хүртэлх замын их эвдрэлтэй хэсэг болох 0.7 км замд буюу нийт 13.9 км замд замын хуучин хучилтыг хуулж, тэгшилгээ хийн шинээр асфальт бетон хучилтын зэрэг ажлыг хийх аж.

 

Түүнчлэн Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн нийт 113 км замд 9512 м.кв нүхний эвдрэлийг /нийт замын бүх нүхийг бөглөнө/ засварлах. Мөн хучилтад үүссэн 56.930 метр урт заадас гагнах ажлуудыг тус тус хийхээр болжээ.

 

-2024 онд хийх ажлууд:

-Ерөөгийн давааны 3.7 км, Арангатын давааны 2.7 км, Ундрагчийн тойрог тужийн нарсны 3.6 км, Сүхбаатар самбараас хорооллын зам хүртэлх 8.0 км, гурвалжингийн уулзвараас Алтанбулаг чиглэлд үхэрчийн амны карьерын харалдаа хүртэлх 4.0 км буюу нийт 22 км замд гадаргуун боловсруулалт буюу элэгдлийн үе хийгдэх аж.

Холбоотой мэдээ