Хотын дарга Иргэдийн тулгамдсан асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэхийг үүрэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-20 13:03:53

Нийслэлийн Засаг дарга өнөөдөр “Мишээл экспо” төвд байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллаж, иргэдтэй уулзлаа.

Тэрбээр энэ сараас эхлэн 14 хоног тутамд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-үүдэд ажиллаж, иргэдтэй уулзах болсон. Өнөөдөр “Мишээл экспо” төвд болсон анхны уулзалтын үеэр иргэдээс ирүүлсэн зарим хүсэлтийг шийдвэрлэснээ танилцуулав.

Тухайлбал, Хашаа нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Их тойруугийн дэд станцын газарт иргэн Г.Чинболор 36 сая 273 мянган төгрөгийн нөхөн олговор авах ёстой нийслэлээс олгохгүй байгаа тухай гомдол ирүүлсэн. НЗД уг асуудлыг судалж үзээд дээрх хөрөнгийн санхүүжилтыг яаралтай олгох шийдвэр гаргасан байна. Мөн иргэн Н.Энхтуяад 11 жил хөөцөлдөөд бүтээгүй байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дистрибьютерын байр болон нийтийн бие засах газар ажиллуулах зориулалтаар 250 м2 газрыг олгохоор шийдвэрлэв.

Өнөөдрийн уулзалтаар иргэн Б.Жамбалсүрэн “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 7-а байрны 9 айлын халуун усны шугам бөглөрсөн шалтгаанаар халуун ус ирэхгүй 2 жил болжээ.Холбогдох байгууллагуудад нь хандахад “Та бүхэн өөрсдөө мөнгө гаргаад асуудлаа шийд” гэсэн хариу өгчээ. Гэвч бидэнд тэр хэмжээний хөрөнгө байхгүй. Энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна” хэмээв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, “Орон сууцны тухай хуульд тухайн байранд оршин сууж буй иргэд дундын өмчлөлийн эд хөрөнгө болох шугам хоолойны засварын зардлыг өөрсдөө хариуцна гэж заасан. Гэхдээ эдгээр айлууд төлбөрийн чадваргүй тул засварын төлбөрийг хэгэгчилж барагдуулах боломжтой гэж үзэв. Өөрөөр хэлбэл, шугам, хоолойн засварын мөнгийг Орон сууц, нийтийн аж ахуйн конторын хөрөнгөөс гаргаад дараа нь орон сууцны төлбөрт суутгах замаар шийдвэрлэх боломжтой. Энэ нь иргэдийн амьдралд хүндээр тусахгүй” хэмээв.

Мөн иргэн Ц.Мөнхбаатар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах “Нүүдэлчин зуух” төслөө танилцуулав. Уг зуух нь түлшийг 50-60 хувь хэмнэдэг төдийгүй утаа гаргадаггүй. 2015 онд төвийн 6 дүүрэгт 450 ширхэг зуух туршилтаар хэрэглэжээ. Одоогоор БНХАУ-д үйлдвэрлэж байгаа юм байна. Нэг зуух 400 мянган төгрөгөөр бүтдэг. Уг төслийг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн тохиолдолд БНХАУ-ын Засгийн газраас төслийг хэрэгжүүлэх чиглэлээр буцалтгүй тусламж олгох боломжтой хэмээн мэдэгдсэн гэв. БНХАУ-аас буцалтгүй тусламж авсан тохиолдолд Засгийн газраас нэг ч төгрөг гаргахгүйгээр 200 мянган ширхэгийг нийлүүлэх боломжтой бөгөөд одоогоор 80 мянган ширхэгийг үйлдвэрлээд байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Удахгүй хүйтний улирал эхэллээ. Улаанбаатар хотын утааны асуудал хүн бүрийн өмнө тулгамдсан асуудал болдог. Тиймээс хотын захиргаа утааны асуудлыг шийдэх бүх боломж, гаргалгааг хайж байна.Тиймээс таны төслийг нарийн судлах болно” хэмээв.

Мөн өдөр иргэдээс хувийн цэцэрлэг байгуулахад дэмжлэг үзүүлэх, өндөр настныг төрийн шагналд тодорхойлох зэрэг хэд хэдэн хүсэлт гаргав. Нийслэлийн Засаг дарга дээрх асуудлуудыг судалж, 14 хоногийн дотор иргэдтэй уулзах үеэр дэлгэрэнгүй танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгоно гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ