ДУНДГОВЬ: Ардын багш Д.Төмөр: Олон мянган шавийнхаа инээмсэглэл дунд аз жаргалтай амьдарч, залуу үе шигээ л ажиллаж явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-05 18:03:47
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, БНМАУ-ын гавьяат багш, Монгол Улсын ардын багш, МУБИС-ийн хүндэт профессор, зөвлөх багш Далхсүрэнгийн Төмөртэй ярилцлаа.


Тэрбээр хөдөөгийн нэгэн сумаас ажлын гараагаа эхэлж, “Ардын багш” хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн, гавьяатай, бүтээсэн зүйлтэй, олон мянган шавь нарынхаа хүндлэлийг хүлээж, бахархал нь болсон багш юм.  


-“Багш” хэмээх эрхэм алдрын эзэн болсон танд болон таны гэр бүлд Багш нарын баярын мэнд дэвшүүлье, таны залуу нас, анх багш болж байсан тэр дурсамжаар ярилцлагаа эхлэх гэсэн юм. Ажлын гараагаа хаанаас, хэзээ эхэлж байв?

-Баярлалаа. Би УБДС-ийг 1972 онд төгсөөд, нутгаа зорин, Дэлгэрцогт сумынхаа сургуульд багшлахаар очсон юм. Учир нь би өөрөө энэ сургуульд сурч байсан төдийгүй, 1942-1943 онд авга ах маань энэ сургуульд багшилж байсан, арвин их түүхтэй сургууль. Сумынхаа хүүхэд багачуудад багшлахаар ийнхүү анх ирж, олон сайхан ахмад, тэргүүний багш нартай мөр зэрэгцэн ажиллахаар болж, тухайн оныхоо хичээлийн шинэ жилийн эхний мөнгөн хонхыг цангинуулж байсан нь саяхан мэт санагдаж байна.


Энэ үеэс хойш нутгийнхаа Ерөнхий боловсролын сургуулиудад 22 жил багшилж, улмаар улсад тасралтгүй 36 жил ажиллаад гавьяаныхаа тэтгэвэрт суусан ч нийслэл хот, аймгуудад 15 дахь жилдээ зөвлөн туслах, хүмүүжүүлэн сургах нандин сайхан албаа үргэлжлүүлсээр 51 жилийг ардаа үдээд байна даа.


-Залуу багшаас Ардын багш хүртэлх ажил, амьдралын замнал нь арвин байж таарна. Энэ тухай бидэнд хуучилна уу?

-"Будаг нь ханхалсан" залуу багш надад нэг л багшийн гараар сурч хүмүүжсэн бяцхан хөвгүүд охидоос бүрдсэн 5 дугаар ангийг удирдуулахаар сургуулийн захиргаа даалгаж билээ. Шавь нарынхаа төлөө сурсан мэдсэн бүхнээ зориулж, өөрийн арга ухаанаа сүвэгчлэн хүмүүжүүлж сургасаар, дунд ангийг төгсгөн, аймгийнхаа 10 жилийн сургуульд үдсэнээс хойш 47 жилийн дараа эргэцүүлэн бодоход, зөвхөн энэ сургуулийн нэг л ангиас багш бидний ажлын үр дүн харагдаж, монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр 5 хүн, бусад мэргэжлийн 6 багш  төгсөж, нутаг орондоо маш үр дүнтэй багшилсаар, эдүгээ тэр анхны шавь нар маань мөн л тэтгэвэртээ суусан ч үзэл бодолдоо үнэнч байж, төрөл бүрийн үйлийг өрнүүлсээр байна.


Дэлгэрцогт суманд багшилж байхдаа сургалтын тохилог орчин бүрдүүлэхийн тулд мэргэжлийнхээ түвшинд иж бүрэн танхим байгуулсан нь үр дүнд хүрч, аймагт нэвтрүүлэх туршлага болж, улмаар гадаадад Чехословак улс хүртэл аялах эрхийн бичгээр багш нь шагнуулж, "Залуу үеийг хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан" хэмээх алтан медалийн эзэн болж байсан нь ихээхэн урам зориг өгсөн сөн.


Дараа нь өөрийн төрсөн нутаг Дэрэн сумын дунд сургуульд өөрийн хүсэлтээр очиж, багшлах арга туршлагаа улам баяжуулан, бүтээлч ажиллахыг хичээсэн нь үр дүнд хүрч, багш хүн сургалт судалгааны үр дүнгээ тайлагнаж баталдаг "Сурган хүмүүжүүлэх уншлага"-д тогтмол оролцож, улсад 5 удаа эхний байруудад шалгарч, төдөлгүй Сурган хүмүүжүүлэх хүрээлэнгийн урилгаар Нийслэл хотдоо нэг багшийн бие даасан "Тайлан үзэсгэлэн"-гээ дэлгэн үзүүлсэн юм. Энэ маань төв, орон нутгийн олон зуун багшийн хүртээл болж, арга туршлага маань улам л боловсронгуй болсоор байж билээ.

Тийм учраас багш нарын 5 дугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон ирэхэд Улсын хэмжээний 5 багшийн тухай "Найдвар" хэмээх баримтат кинонд орсны нээлт болж, төдөлгүй бас "Эх орны залуу нас" гэсэн баримтат кинонд ч мөнхрөн хүмүүжүүлэн сургах үйлс маань үргэлжилсээр байсан.


Ийнхүү 10 жил багшлаад "Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан" цол, 15 жил ажиллаад Алтан гадас одонгоор шагнуулж, 17 дахь жилээ Улсын хэмжээний анхны 12 залуу "Бүтээлч багш" цолтны нэг болж, 19 жил багшлаад, 41 насандаа 1990 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Гавьяат багш гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртэж байжээ.

Дараа нь аймгийнхаа төвийн 10 жилийн сургуульд ажиллахаар очиж, тэнд "Багш сонгон"-ы ангийг 3 жил удирдан төгсгөсөн нь маш сайн үр дүнд хүрсэн юм.


Ингээд аймагтаа 22 жил багшилсны дараа нийслэлд ирж, "Эрдэм" цогцолбор буюу 84 дүгээр сургуульд 3 жил, улмаар ӨЗБТС (Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль) -д вундеркинд (ер бусын ховор авьяастнууд) анги нээгдэн, тэнд урилгаар очин багшилж, эх орныхоо өнцөг булан бүрт арга барил туршлагаа дэлгэрүүлж, заах арга зүйн төрөл бүрийн ном, бүтээлүүд туурвиж, бүтээлчээр ажилласаар 35 жил багшлаад, Гавьяат багш хэмээх цолтой болсноос 18 жилийн дараа 59 насандаа (2008 оны намар) Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын багш хэмээх бахархам сайхан алдар цолын эзэн болсон түүхтэй.


-Багш хүний хамгийн эрхэм, бахархам зүйл юу вэ?

-Торомгор алаг нүдээ эргэлдүүлэн, сониучхан харцаар харах, аливааг сурч мэдэхийн хүслэн болсон, хайр татам бяцхан шавь нараа хараад өөрийн эрхгүй тэдэндээ хамгийн хялбар, бүтээлч, гоё аргаар, богино хугацаанд, цагийг хий дэмий үрэхгүй, бас хөгжилтэй, баясгалантай, найзархаг нөхөрсөг байдлаар тэрхүү эрдэм ухааны шимийг яаж хүртээх вэ, яаж сургавал илүү үр дүнд хүрэх вэ, юуг хэлж ярихав, үглэж биш, хэрхэн биеэр үлгэрлэж үзүүлэх вэ, өөрсдийнхөө ажил амьдралаар яаж харуулах вэ гэдэг л хамгийн эрхэм зүйл байдаг.


Хожмоо энэ бүхэн хэрэгжсэн, биелсэн, бие хүн болсныг нүдээр харах, аль ч нийгэмтэйгээ зохицон, хөл нийлүүлэн, хувийн зохион байгуулалттай ажиллаж, амьдарч, алдар цуугаа мандуулж явааг харж, мэдэрч, үзэж, сонсож байх нь багш хүний бахархал юм даа л гэж боддог.


Тийм ч учраас багш нарын баяраар цахим орчинд Монголын болоод дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч яваа арван мянга шахам шавь нарынхаа төлөөлөл болсон түүхэн гэрэл зургаар мэндчилгээ дэвшүүлэхдээ тун сэтгэл хангалуун баяртай байлаа. Олон олон шавь маань хариу мэндчилгээ дэвшүүлснийг уншаад гэргий бид хоёрын сэтгэл хөөрөн догдолж, үнэхээр аз жаргал, амжилт бүтээл, эрүүл энх, инээд хөөр, оюун бодол, онгод хийморийг мэдэрч байна. Энэ бүхэн л хичээл зааж байсан багш бидний  түмэн жаргал. Хамгийн бахархал байдаг.


-Таны алдрын танхим Дэрэн суманд байдаг. Энэхүү танхимд ямар бүтээл, түүх, үзмэр хадгалагдаж, хүмүүст хэрхэн хүрч байна вэ?

-Миний бие Дэрэн сумандаа мал маллан өсөж, бага ангид өөрөө суралцаж, хожмоо багшаар ажиллаж, түмэн олон шавь, эцэг эхчүүд, нутгийн удирдлагын дэмжлэгээр хэд хэдэн их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож, хүүхдүүд маань тэнд төрж, өсөж, суралцаж, чухамдаа "Бидний амьдралын алтан үе" минь энэ л суманд өрнөж, энд л сумынхаа нэр дээр Гавьяат багш гэдэг цолоо хүртсэн авшигтай нутаг орон минь юм.


Тийм ч учраас 2009 онд түүхт 70 жилийн ойгоороо манай сургууль "Ардын багш Далхсүрэнгийн Төмөрийн нэрэмжит сургууль" гэсэн хаягаа зүүсэн бол 2019 онд түүхт 80 жилийн ойгоор, 40 жилийн дараа хичээлийн шинэ танхимд орж, энэ үеэр "БНМАУ-ын гавьяат багш, Монгол Улсын ардын багш, МУБИС-ийн хүндэт профессор, зөвлөх багш Далхсүрэнгийн Төмөрийн Хөдөлмөр алдрын түүхэн танхим" гэсэн хаягтай сурах, судлах олон үзмэртэй бахархлын танхим нээгдсэн юм.


Энэ бол сургуулийн болон бидний 60 гаруй жилийн түүх, уламжлалыг багтаасан, хэн ч очоод үзэж сонирхох, ургуулан бодоход байнга нээлттэй байдаг түүхэн зураг хөрөг, дурсамж, хүүхдүүдийн шүлэг, зохион бичлэгүүд, анги ангийн сурагчдын түүхэн цомгууд, багшийн хийж хэрэглэн Улсын тайлан үзэсгэлэнд тавигдаж байсан хөдөлгөөнт үзүүлэнгүүд, багцлан тоочсон үр дүн, схем загварууд гэх мэтээр арвин үзмэртэй танхим. Нээгдээд 5 жил болж байна.


Зорин очиж үзсэн хүмүүс тэнд зургаа авахуулж, санал сэтгэгдлийн дэвтэрт үгээ бичиж, гарын үсгээ ч зурдаг уламжлалтай болоод байна. Тэр бүхнийг баримтжуулан "Сэтгэлийн үгээ бичиж, мутрын үсгээ зурсан нь" гэсэн нэртэй түүхэн, бодит, баримтат, дурсамжит, аялгуут, видео цомог хийж, цахим орчинд байршуулан алдаршуулж байна. Танхимын бүх үзмэр сургуулийн эд хөрөнгийн дансанд бүртгэлтэй байдаг.


Дэрэнгийн сургууль дээр очвол түүхэн танхимаас гадна БШУЯ-ны гүйцэтгэлийн үнэлгээгээр 1 дүгээр түвшинд жил дараалан  үнэлэгдсэн хамт олны ажил үйлс, туршлагатай танилцаж бас болно.


-Монгол түмний тусгаар тогтнол, үндэсний дархлаа болсон Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, залуучууд, Төрийн албан хаагчдад зааж сургах маш олон ажлыг та санаачлан хэрэгжүүлсэн. Энэ тухай танилцуулна уу?

-Тусгаар тогтнол, дархлаа болсон Үндэсний монгол бичгээ 2025 оноос кирилл бичигтэйгээ хослон хэрэглэх тухай хууль хэдэн жилийн өмнө батлагдсаныг хүн бүхэн мэдэж байгаа. Тийм учраас миний бие эрдэмт мэргэдээр хянуулан сүүлийн 15 жилийн дотор үндэсний бичгээ бие даан сурах анхан, дунд, ахих шатны 3 сурах бичиг зохион бага боловч нийтийн хүртээл болгосноос гадна өөрсдийн бүтээсэн 48 удаагийн цахим хичээлтэйгээ хослон суръя гэсэн хүн болгонд заасаар байна.    


Тухайлбал, Дундговь аймгийн Засаг даргын хүсэлт, шийдвэрээр аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүдтэй хамтран 2021-2022 онд бүх Төрийн албан хаагчдад сурах бичиг ба цахим хичээлүүдийг хослон зааж, 2251 хүнд анхан, дунд шатны мэдлэг чадвар олгоод байгаа. Энэ үеийн бүхий л үйл ажиллагаа, хичээллэлтийн явц, үр дүнгийн талаар сэтгүүлч та хэд хэдэн ярилцлага, нийтлэлийг олон нийтэд түгээсэн учраас дахин дахин нуршаад яах вэ?


Харин түүнээс хойш бид хоёр БНКУ-д суугаа ЭСЯ-ны ажилтнуудын хүсэлтээр тус улсад сурч байгаа монгол оюутнуудын мэдлэг чадварыг улам ахиулах зорилгоор хоёр шатны цахим хичээлээр сургалт явуулаад байна.   

Мөн МУБИС-ийн ДУТС-ийн захиргааны хүсэлтээр тухайн багш, ажилчдад 3 шатны сургалтыг сурах бичиг, цахим хичээлийг хослуулан зааж, батламж олгоод байна.


Энэ намраас эхлэн ШУА-ийн хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн багш нартай хамтран Улсын хэмжээний Төрийн албан хаагчдын нэгдсэн сурах бичгийг зохиож, хяналтад оруулаад, хэвлэх гэж байна. Цаашдаа "Сурсан нь далай, сураагүй нь балай" л болох байх даа.


-Таны анх багш болоод ажиллаж байсан үе, өнөө цаг хоёр мэдээж их өөр. Гэхдээ таны хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлж, өөрийгөө хөгжүүлж, бусдад ч нөлөөлж чаддаг. Энэ чиглэлээр хийсэн судалгаа, бүтээлээ олныг туурвисан байхаа?

-Тийм ээ. Бидний үе, одоо үе бол нийгмээ дагаад харьцангуй өөр болсон. Тийм учраас багш бид нийгмийнхээ хөгжилтэй хөл нийлүүлэн заах арга барилаа шинэчлэн өөрчилсөөр байгаа ч уламжлалгүйгээр шинэчлэгдэнэ гэж байхгүй л дээ. Тийм учраас багш бид улам л хөгжсөөр, бусдыг түүчээлсээр байгаагийн нэг тод илрэл нь "Багшийн хөдөлмөр, багшийн хөгжил", "Эмх цэгцтэй ажиллаж амьдрахуй", "Монгол хэлний сургалтанд бүтээлч хандах нь" .... гэх мэтийн сургалт семинар ярилцлагыг багш нар, хамт олны хүсэлтээр зохиосноос гадна "ТВ5" телевизтэй хамтран 12 удаа "Таны үгийг сонсъё" хэмээх ярилцлагад уригдан оролцож, зөвлөгөөг олон нийтэд хүргээд байна.


Мөн өөрийгөө хөгжүүлэн сүүлийн 15 жилийн дотор 10 төрлөөр, сонирхогчийн хэрэглээний программууд ашиглан 696 ширхэг түүхэн, бодит, баримтат, дурсамжит, аялгуут, видео цомог бүтээж, олон хүнд хүртээсэн нь "Зураг бүхэн түүх өгүүлнэ" гэдгийн тод үлгэр дуурайлал нь хүмүүст хүрч, эдгээр бүтээлүүдийг өөрсдийн нэрийн хуудас болтол хийж, олон үйл ажиллагааг мөнхөлж чадаж байгаадаа бахархалтай байдаг даа.


Тэрхүү мөнхөрсөн бүтээлүүдээ эзэнд нь өгч, заримыг аймгийн музейд хүртэл бэлэглээд байна. Бидний ажил, амьдралд тохиолдсон бүхэн бүтээл болж мөнхөрдөг болсон нь олон жилийн дараа үзэхэд маш сайхан, бэлэн түүхэн баримт юм даа.


-Залуу багш нарт хандан та юу хэлэх вэ, өнөөгийн боловсролын хөгжилд юуг анхаараасай гэж хүсдэг вэ?

-Багшилсан цаг мөчөөсөө эхлээд мэргэжил нэгт ахмад багш нартайгаа байнгын холбоотой ажиллан, тэдэнд байгаа сайн гэсэн арга туршлагыг нухацтай үзэж, сонсож, ойлгож аваад дээд сургуульд заалгасан заах арга аргатай уялдуулан холбож, түүнийгээ маш бүтээлчээр өөрийн гэсэн гол арга барил болгож авахын төлөө өдөр тутам мэрийн ажиллах хэрэгтэй.


Ямар ч багшид ямар нэгэн сайн арга байж л байдаг. Цаг олдвол олон багш нарын хичээлд сууж, тэндээс "алт, эрдэнэс болох бүтээлч арга барил"-ыг олж харж сурахаас л хамаг сайн бүхэн эхэлнэ дээ. Улмаар багшид зориулсан орчин үеийн хэвлэл, цахим ертөнцөөс ололт амжилт бүхнийг насан турш хайж суралцах хэрэгтэй. Багш сураад төгсөхгүй. Би ч 51 дэх жилдээ суралцсаар л байна.


Мөн багшлах хугацаандаа шавь нартайгаа ойр дотно байж, хэнийг ч ялгаварлахгүй, хүүхэд бүхэнд шударга хандаж, үнэн зөв үнэлэн дүгнэдэг, тэднийхээ өчүүхэн сайн зүйлийг нь ч олж харан өөрт нь хэлж чаддаг, заримдаа хамт олны нь өмнө ч хэлдэг, хэлсэн ярьснаа хэзээ ч мартдаггүй, хичээлийн болон завсарлагааны цагаас ганц минут ч хумсалдаггүй, бас хоцордоггүй байвал та бүхэн төдөлгүй шавь нарынхаа хүндэтгэлийг хүлээх болно.


Чөлөөт  эдийн засгийн энэ үед хэн өөрийгөө сайн хөгжүүлж, чармайж, хэн хүүхдийнхээ төлөө зүтгэсэн нь сайн цалин авна, өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийн үнэлгээ бол ямар ч багш өөрийгөө хөгжүүлж, заах арга, ур чадвараа дээшлүүлж, шавь нарынхаа сурлагад ахиц дэвшил гаргасныхаа төлөө өндөр цалин авах боломжтой цаг үе иржээ гэдгийг алхам тутамдаа бодож ажиллаарай гэж зөвлөе.


Үгийнхээ төгсгөлд хэлбэл, манай Дундговь аймаг олон арван жилийн тэртээгээс хичээллүүлж байсан "Багш" сонгоны арвин туршлагыг дэлгэрүүлүүштэй.


Багш бүхний хүмүүжүүлэн сургах ариун үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

-Маш их баярлалаа. Танд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!
















Холбоотой мэдээ