ЗАВХАН: Их-Уул сум өсвөр үе залуучууд, иргэдийн хөгжлийг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-05 14:55:26

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Тус аймагт өсвөр үеийн хүүхэд залуучуудад дэмжлэг үзүүлэх хоёр төв үйл ажиллагаа явуулж байна.


Үүний нэг нь Их-Уул сумын өсвөр үе, залуучуудын хөгжлийн төв юм. Тус төв энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 120 гаруй хүүхэд залуучуудад үйлчилгээ үзүүлжээ.


Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ашигладаггүй соёлын төвийн барилгыг тохижуулж эхний ээлжид спортын олон үйлдэлтэй дасгалын төхөөрөмжүүдийг байршуулснаар хүүхэд залуучууд чөлөөт цагаараа фитнесээр хичээллэх боломжтой болсон юм.

Мөн хичээлийн бус цагаар хүүхэд залуучууд ном солилцож унших, өсвөр үеийнхний эрүүл мэндийн болон сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл авахаас гадна мэргэжлээ хэрхэн зөв сонгох, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх олон нийтийн үйл ажиллагааны тухай ярилцдаг болсон тухай Их-Уул сумын өсвөр үе, залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч, мэргэжилтэн Д.Мөнхтуул мэдээлэв.


Их-Уул сум нь нийт 6549 хүн амтай, аймгийн нийт хүн амын 0.9 хувь нь энд бий.

Тус сумын нийт хүн амын 4004 нь буюу 61 хувь нь 15-34 насны буюу залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасны дагуу залуучуудын насны ангилалд багтдаг.


Тиймээс өсвөр үе, залуучуудын хөгжлийг бодлогоор дэмжих, орон нутаг дахь төвийн зохицуулагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтад хамруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгөх нь чухал юм.

Завхан аймгийн хоёр дахь төв болох Улиастай сумын өсвөр үе залуучуудын хөгжлийн төв нь өнөөдрийн байдлаар 5710 хүнд хүрч үйлчилсэн байна гэж аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нинжбадгар нэмж дуулгав.


Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй (өмчийн бүх хэлбэрийн) өсвөр үе, залуучуудын хөгжлийн төвийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагыг тогтоож, мөрдүүлэх зорилготой стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тушаалаар баталсан.

Энэ нь “Өсвөр үе, залуучуудын хөгжлийн төв, үйлчилгээний нийтлэг шаардлага” MNS 7012:2023” стандарт юм.

Монгол Улсын 21 аймаг, дүүрэг болон 10000-аас дээш хүн амтай 13 суманд Залуучуудын хөгжлийн 43 төв ажиллаж, залуучуудын хөгжлийг дэмжих 7 төрлийн үйл ажиллагаа, үйлчилгээнд жилд дунджаар нийт залуучуудын 40 хувийг хамруулдаг аж.

Дээрх стандартын мөрөөр аймаг, сум, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвүүдэд үнэлгээ хийх, төвийн болон төвийн үйлчилгээний орчин нөхцөл, агуулга, төрөл, хэлбэрийг сайжруулах, хүний болон бусад нөөцийг чадавхжуулан бэхжүүлэх, стандартад нийцүүлэх ажлууд хийх юм.


Ташрамд, Их-Уул сум аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 2022, 2023 оны хөрөнгө оруулалтаар хөгжлийн төвийг байгуулаад байгаа аж.


Энэ төвд ХНХЯ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр цахим сургалтын төвийн хэрэглэгдэхүүн, сумын 2022, 2023 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тавилга, тоног төхөөрөмжөөр тохижуулж ашиглалтад оруулжээ.


Өнөөдөр тус хүний хөгжлийн төвийн дэргэд иргэдийг соён гэгээрүүлэх сургалтын төв, залуучуудын фитнес төв, өсвөр үе, залуучуудын цахим сургалтын төв, ахмадын хороо, эмэгтэйчүүдийн холбоо, эмэгтэйчүүдийн холбоог түшиглэсэн хатуу ба зөөлөн эдлэлийн оёдлын төвүүд үйл ажиллагаа явуулж байна.


Мөн сумын төрийн бус байгууллагууд иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хүнийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлжээ. 

Холбоотой мэдээ