Дэрэн суманд малын тэжээл үйлдвэрлэхээр зэхэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 16:37:49

Өнгөрсөн хавар “Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар Дэрэн сумын нутаг дахь тариалалтын 25 га талбайд малын тэжээлийн ургамал тариалсан. Энэ  намар 30 гаруй тонн ургац хураан авсан бөгөөд ургацаараа багсармал тэжээл үйлдвэрлэхээр зэхэж байна.

Өнөөдрийн байдлаар тэжээлээ үйлдвэрлэж хараахан эхлээгүй. Тэжээлийн үйлдвэр суурилуулсан аж ахуйн нэгж үйлдвэрийг гүйцэд хүлээлгэн өгөөгүй байгаагаас үйлдвэрлэлийг хэзээ эхлэх нь тодорхойгүй байна гэж ОНӨҮГ- ын захирал М. Сосорбурам  хэллээ. Нийт 50 гаруй тонн тэжээл үйлдвэрлэнэ гэсэн тооцоо байгаа гэсэн юм.

Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумын нутаг дахь 40 гаруй га талбайд орос, монголын эрдэмтэд малын тэжээлийн 44 нэр төрлийн ургамал усалгаатай тариалж, говь хээрийн бэлчээрийг тарималаар сайжруулах туршилт судалгааг 3 жил үргэлжлүүлсэн. Үүнд орон нутгаас 600 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд хамгийн сүүлд Дэрэн суман дахь тариалалтын талбай руу эрчим хүчний шугам татаж, тэжээлийн үйлдвэр суурилуулсан юм.

Эрдэмтдийн эхлүүлсэн ажлыг орон нутаг бие даан үргэлжлүүлэхээр туршилт судалгааны төвийг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгосон бөгөөд энэ оны Орон нутгийн хөгжлийн сангаас дахин 120 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ийнхүү малын тэжээлийн ургамал тариалжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд