ДАРХАН-УУЛ: Хэл согог, заслын сургалтад багш нар хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт анх удаа СӨББ-ын болон ЕБС-ийн бага ангийн багш нарыг хамруулсан хэл согог, заслын хоёр сарын эрчимжүүлсэн сургалтад эхэллээ.
Гурав хүртэлх насны хүүхдүүдийн 30 хувь, тав хүртэлх насны хүүхдүүдийн 20 хувь буюу СӨББ-д суралцаж буй дөрвөн хүүхэд тутмын нэг, ЕБС-ийн сурагчдын 15 хувь нь хэл ярианы ямар нэгэн хөгжлийн бэрхшээл болон хоцрогдолтой байдаг гэсэн судалгаа байдаг аж.
Эдгээр хүүхдүүдэд хэл
ярианы согог засах,
дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага боловсролын салбарт нэмэгдсээр ирсэн.
Тиймээс багш нарыг сургах, хоцрогдлыг арилгах, хэл заслыг сургууль дээрээ заах
боломжийг бүрдүүлэх үүднээс уг сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад энэ чиглэлээр ажиллах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх зорилготой ЕБС-ийн таван багш, СӨББ-ын 15 багш хамрагдаж байна.
Хоёр сар үргэлжлэх мэргэшлийн сургалтын хичээлийг хэл шинжлэлийн ухааны доктор профессор багш, хүний их эмч, боловсрол судлалын доктор, ШУТИС, АШУИС-ийн багш нар удирдан явуулж байна.
Сургалтад хамрагдаж буй багш нараас төгсөх үед нь шалгалт авч, 65 ба түүнээс дээш оноо тохиолдолд мэргэжлийн үнэмлэх олгох ажээ. Мэргэжлийн үнэмлэх авснаар ХНХЯ-ны зөвшөөрөлтэй хэл согог, заслын мэргэжлийн үнэмлэхтэй болно. Үнэмлэхтэй болсноор тухайн багш нь хэл заслын чиглэлээр хүүхэд, багачуудтай ажиллах бүрэн боломжтой ажээ.
Хэл
согог, заслын сургалтыг
Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, "Даранат" хэл согог
засалчдын холбоо, БШУ-ны төв болон "Полиглот" боловсролын төв хамтран “Нийгмийн
хязгаарлагдмал харилцааны шийдлийн гарц” нэрэн дор зохион байгуулж байна.