СҮХБААТАР: Их бүтээн байгуулалтаар түүхэн ойгоо угтана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-03 17:23:43

Сүхбаатар, 2023 оны 10 дугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Цэргийн нэрт жанжин Д.Сүхбаатарын төрөлх нутаг, улсын тэргүүний Сүхбаатар сум ирэх онд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ойгоо угтсан хөрөнгө оруулалтбүтээн байгуулалтын ажлууд хэдийнэ эхэлжээ. Түүхэн ойг баяр наадам гэхээс илүү сум орон нутагт үлдэх, иргэдэд үр өгөөжөө өгөх бүтээн байгуулалт өрнүүлэн тэмдэглэнэ гэдгийг сумын Засаг дарга Б.Батхүрэл хэллээ.

Тэрбээр, "Сүүлийн хоёр жил манай сумын хувьд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил байлаа. 1,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр цэвэрлэх болон ус цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтад орууллаа. Ингэснээр сумын төвийн бүх ААНБ, 20 гаруй айл өрх нэгдсэн шугамд холбогдоод байна.


Мөн сум доторх 1,8 км хатуу хучилттай замын ажлыг бүрэн дуусгаж, явган хүний зам, гэрэлтүүлгийг шинээр хийлээ. Цэвэр усны үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон. Одоогоор орон нутгийн 4,5 тэрбум төгрөгөөр зуун хүүхдийн дотуур байр барьж байна. Удахгүй 200 хүүхдийн цэцэрлэг, таван давхар орон сууцны барилгын ажлууд эхлэх гэж байна. Сумын нутаг дэвсгэрт тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудаар ойн хүрээнд нэн шаардлагатай бичил үйлдвэрүүдийг бариулах яриа хэлэлцээрийг хийж байна. Сүүний үйлдвэр, талх нарийн боовны цех зэргийг эхний ээлжид байгуулахаар төлөвлөж байна. Ер нь бидний гол зорилго бол иргэдээ ая тухтай орчинд амьдруулах, тогтвортой ажлын байраар хангах. Ойн баяр наадам ч энэ зорилго руу чиглэх болно" гэв.


Аймгийн засаг дарга, сумын засаг дарга нарын төрийн чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх гэрээний биелэлт 2023 оны хагас жилийн байдлаар Сүхбаатар сум 52 хувьтай үнэлэгджээ. Мөн өнгөрсөн жилийн хамгийн үр дүнтэй ажил нь засмал зам, хогийн цэгийг цэгцэлсэн байдал, төрийн байгууллагуудын засвар үйлчилгээ гэж иргэд үнэлж байна. Харин цаашид үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүүхэд багачууд, иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэн шаардлагатай байгаа саналаа иргэд хэлж байна. Мөн боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт мэргэжлийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, дэмжих хэрэгтэйг сануулж байв.

 

Холбоотой мэдээ