С.Чинзориг: Цаашид 13А маягтыг шаардахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-10-03 18:14:16

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд ашигладаг 13А маягтыг хүчингүй болгож буй талаар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр, "Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягт үйлчлүүлэгчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хэрэгждэг зохицуулалт бөгөөд бусад улс орнууд ч энэ зохицуулалтыг ашигладаг. Энэхүү маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй өвчтөнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт оношилж, эмчлэх боломжгүй тохиолдолд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт шилжүүлдэг. Энэ нь тусламж, үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх, иргэд лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ авахад үүсэх хүлээгдэл, чирэгдлийг бууруулах ач холбогдолтой.

 

Энэ харилцааг 1998 оноос 13А маягтаар зохицуулж ирсэн боловч өнөө хүртэл хэрэгжиж хэвшээгүй ирсэн байна. Гэвч 2023 онд 13А маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотой анхан шатны эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхгүйгээр шууд 13А маягт авна гэдэг ойлголт бий болж иргэдийн дунд чирэгдэл, бухимдал үүсгэсэн.

 

Нөгөө талаас бодит амьдрал дээр энэхүү зохицуулалт иргэдэд ялгамжтай хэрэгжиж байна. Тухайлбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төмөр замын төв эмнэлэг өөрийн салбарын алба хаагчид, тэдний ар гэр, ахмадуудад 13А маягтгүй үйлчилгээ үзүүлж байна. Түүнчлэн манай улсад эх, хүүхдийн эрүүл мэнд төрийн онцгой ивээлд байдаг учраас жирэмсэн эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ мөн л 13А маягтыг шаарддаггүй.

 

Бүх иргэнд адил тэнцүү хандах боломж олгох, иргэддээ ялгамжгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байх зарчмыг үндэслэн 13А-г халах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд ашигладаг 13А маягтыг цаашид шаардахгүй. Гэхдээ үүнтэй холбоотой лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хүлээгдэл ихсэнэ гэдгийг иргэдэд анхааруулах нь зүйтэй. Бид лавлагаа шатлалын эмнэлгийн удирдлагуудад тусламж, үйлчилгээний чанарыг алдагдуулахгүй зохион байгуулалтыг сайжруулах, цаг товлох үйлчилгээг боловсронгуй болгох үүрэг даалгаврыг өгөөд байна” гэв.

 

Мөн тэрбээр, “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын хяналтад шилжүүлсэн өвчтөнийг тогтмол хянах, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд иргэд лавлагаа шатлалын эмнэлгээс тусламж үйлчилгээ авсны дараа өөрийн харьяалах өрх, сум, тосгоны эмнэлгийн хяналтад заавал орж байх зохицуулалтын арга хэмжээ авах болно. Гэвч зохицуулалтын дээрх арга хэмжээ нь томоохон эмнэлгүүдийг чиглэсэн иргэдийн урсгалыг тогтоон барьж чадахгүй байх магадлал өндөр учраас иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд эхлээд харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө, зөвхөн шаардлагатай тохиолдолд лавлагаа шатлалын эмнэлэгт хандаж байхыг хүсэж байна" гэв.

Холбоотой мэдээ