ӨМНӨГОВЬ: "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ" нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-02 17:17:02

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/.  Дэлхийн багш нарын өдрийг угтан Даланзадгад сумын ЗДТГ-аас санаачлан “Наран Шожи Монголиа” ГХОХХК-тай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Тус үйл ажиллагааг 2023 оны аравдугаар сарын 2-нд Даланзадгад сумын ерөнхий боловсролын зургаан сургуулийн есдүгээр ангийн 700 гаруй сурагчийг хамруулан зохион явууллаа.


 

Энэхүү нөлөөллийн ажлын хүрээнд олон талт ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд сурагчдад “Эртэч Монгол хөтөлбөр”-ийн сургагч багш, лектор Б.Төмөр-Очир “Өөрийгөө бүтээ, харилцааны 5 зарчим” лекц, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-ийн Ерөнхий нарийн бичиг, “Наран Шожи Монголиа” ГХОХХК-ийн зөвлөх Б.Мөнхдэлгэр  Олон улсын их дээд сургуульд суралцах боломж, анхаарах зүйлсийн тухай  зэрэг сэдвээр сургалт, лекцийг сурагчдад тавилаа.

 

Үйл ажиллагааны үеэр Даланзадгад сумын ерөнхий боловсролын есдүгээр ангийн сурагчдад зориулан Японы соёл, онцлогийн танилцуулга, гадаад улсад тэтгэлгээр суралцах зөвлөмж мэдээлэл, мэргэжил сурталчлах, номын худалдааг зохион байгууллаа.

 



Мөн сургалтад оролцсон анги хамт олноос таван азтныг шалгаруулж ангиараа “Энержи ресурс” ХХК-тай танилцах эрх, “Марал кофе шоп”-д ангиараа үйлчлүүлэх эрх, Генетик тестийн оношилгоонд ангиараа орох эрх, Политехник коллежийн спорт зааланд ангиараа 10 цаг үйлчлүүлэх эрх, “Дижитал вишн” хэвлэлийн газраар ангиараа зураг авхуулах эрхийн бичгүүдээр шагнан урамшууллаа.

 



Харин “Наран Шожи Монголиа” ГХОХХК-ийн зөвлөх Б.Мөнхдэлгэр сургалтад идэвхтэй хамрагдсан, тэмдэглэл хөтөлсөн 4 сурагчид 2024 онд дэлхийн мөрөөдлийн сургуулийн дэргэдэх “Нүүдлийн соёлын зуслан”-д долоо хоног амрах эрхийн бичгээр шагналаа. 

Холбоотой мэдээ