Монголын гэрэл зурагчид шүхрээ дэлгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. "Ulaanbaatar-2023 photo week" нэгдсэн үзэсгэлэн "Мишээл экспо" төвд 2023 оны 10 дугаар сарын 9-16-нд болно.
Энэ үеэр Монголын гэрэл зурагчид томоо гэгчийн шүхрээ бүтэн долоо хоногийн турш дэлгэнэ. "Гэрэл зураг гэдэг том шүхрийн дор зургийн бүх төрөл зүйлүүд түүгээр ч зогсохгүй фото сэтгүүл зүй тэр чигээрээ багтаж байдаг" гэдэг.
"Ulaanbaatar-2023 photo week" нь эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, хэвлэл, мэдээлэл, урлаг уран сайхан, реклам сурталчилгаа, бизнес, үйлчилгээ гэхчлэн гэрэл зургийн бүх төрөл чиглэлийн үйл ажиллагааг оролцуулсан анхны томоохон нэгдсэн үйл ажиллагаа гэдгээрээ онцлог юм.
Энэхүү шүхрийн дор нэгдсэн Монголын гэрэл зурагчдын энэ удаагийн үйл ажиллагаа гэрэл зургийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, үзэгч, сонирхогчдын танин мэдэх, соён гэгээрэх эрэлт, хэрэгцээг хангасан, уран бүтээлчдийн бүтээлч үйлдвэрлэл, бизнесийг дэмжсэн үр дүнтэй ажил болно гэдгийг зохион байгуулагчид тодотгов.
Гэрэл зураг бол дэлхий даяараа дүрсээр уншиж, хэл, хилийн хориггүйгээр ойлгож, мэдэрдэг кибер ертөнц. Мөн амьдралын гэрэл, сүүдэр хосолсон үнэн түүхийг бүтээгч, аз жаргал, баяр баясгалан, дурсамж, гэрэл гэгээг үлдээгч урлаг, соёлын бүтээл юм.
Нөгөөтээгүүр гэрэл зураг хөгжлийнхөө явцад эдийн засаг, бизнесийн томоохон хэрэгсэл болсоор ирсний нэг түүхэн жишээ бол алдарт “Үндэсний газар зүй” сэтгүүл 1888 онд анхны дугаараа гаргасан. Эхэн үедээ дан бичвэр голлож байсан сэтгүүл ХХ зууны төгсгөлд өрөнд унаж дампуурахын ирмэгт тулж ирсэн байна. Анхны гэрэл зургаа 1903 онд, Филиппиний амьдралын тухай 100 гаруй зургийг 1905 онд, дараа жил нь Жорж Ширасын авсан шөнийн байгалийн зургийг тавьснаар уншигчдыг байлдан дагуулжээ.
Улмаар 1908 онд бүх талбайнхаа 50 хувийг гэрэл зургаар дүүргэдэг болсон нь олны анхаарлыг татаж, зургийнхаа ачаар санхүүгийн хувьд хөл дээрээ зогсож 1910 оноос өнгөт зураг нийтлэх болсноор нэр хүнд, орлого олбороо эрс нэмэгдүүлж
бизнесээ сэргээн цэцэглүүлж чаджээ. Ийнхүү зургаар бөмбөгдөж эхэлсэн энэ үе нь фото сэтгүүл зүйн үндэс суурь болсон гэдэг.
Одоо гэрэл зургийн хөгжлийн хурд маш эрчимтэй явагдаж, төрөл зүйл, урсгал чиглэл нь нарийсч, нэмэгдэн утга агуулга, үүрэг хариуцлага, үнэ цэн нь улам өргөжин төгөлдөржсөөр байна.