“Харри Поттер”-ын жүжигчид Майкл Гэмбоны гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-09-29 10:45:50

ЛОНДОН, 2023 оны есдүгээр сарын 29 /BBC/. “Харри Поттер” уран зөгнөлт цуврал киноны зургаан ангид профессор Альбус Дамблдорын дүрийг бүтээсэн ирланд-англи гаралтай жүжигчин Майкл Гэмбон 82 насандаа таалал төгсжээ. Эл явдалтай холбогдуулан цувралын гол дүрийн жүжигчид эмгэнэл илэрхийлж байна.


Харри Поттерын дүрийг бүтээсэн Английн жүжигчин Дэниел Рэдклифф түүний тухай ярихдаа “гайхалтай, гарамгай” жүжигчин байсныг онцлоод “ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ дуртай нэгэн гэдгийг нь хүмүүс төдийлөн сайн мэддэггүй байсныг” дурджээ.


Английн жүжигчин Эмма Уотсоны хувьд  “агуу алдар хүндийг түүртэхгүйгээр үүрэх нь ямар байдгийг бидэнд өөрийн биеэр харуулсанд” М.Гэмбонд талархаж явдгаа илэрхийлсэн байна.


Зохиолч Ж.К.Роулинг түүнийг “гайхалтай эрхэм”, “агуу жүжигчин” хэмээн тодорхойлов. “Харри Поттер” цувралын өөр нэг од жүжигчин Фиона Шоуны ярьснаар "М.Гэмбон урт удаан, элдэв янзын төрх бүхий амьдралынхаа туршид жүжигчний хувьд юуг ч хийж бүтээж чадна” гэдгээ харуулжээ.


Дублин хотод мэндэлсэн алдарт жүжигчин М.Гэмбон уушгины хатгаа туссаны улмаас эмнэлэгт нас баржээ. 60 жил үргэлжилсэн уран бүтээлийн замналдаа телевиз, кино, театр, радиогийн салбарт хүчин зүтгэсэн тэрбээр дөрвөн “Bafta” шагнал хүртсэн билээ.

 

М.Гэмбоны гэр бүл түүнийг бага байхад нь Лондон руу нүүсэн боловч тэрбээр 1962 онд Ирландын Дублин хотноо Отелло жүжигт тоглож, анх удаа тайзнаа гарч байжээ. Тэрбээр Лондон дахь Лоренс Оливьегийн “National Theatre” компанийн анхны гишүүдийн нэг болсноор уран бүтээлийн замналаа эхэлсэн бөгөөд Оливьегийн нэрэмжит шагналыг гурван удаа хүртсэн байна.

 



 

Холбоотой мэдээ