Тайландын Ерөнхий сайд цалингаа сар бүр буяны сангуудад хандивлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-09-28 15:55:17

БАНГКОК. /TASS/. Тайландын Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайд Сеттха Тхависин цалин, урамшууллаа сар бүр буяны сангуудад хандивлахаар шийдвэрлэсэн тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Чай Ватчаронг мэдээлжээ.


"Ерөнхий сайд буяны үйл ажиллагааг дэмждэгээ өөрийн үлгэр жишээгээр харуулж байна. Тэрбээр Ерөнхий сайд, Сангийн сайдын цалин, урамшууллаа буяны үйлсэд хандивлана. Засгийн газар ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх, нийгмийн тэгш бус байдлыг арилгах, боловсролыг хүртээмжтэй олгох боломжийг бүрдүүлэх бодлогоо хэрэгжүүлж эхэллээ” гэж тэрбээр хэлсэн байна. 


Ерөнхий сайд, Сангийн сайдын хувиар Сеттха Тхависин сард 125.6 мянган батын (3400 ам.доллар) цалин авдаг байна. Хандивыг хүлээн авах анхны буяны байгууллага нь Хүүхдийн сан байх ажээ.  


Тайландын хаан Маха Важиралонгкорно (X Рама) Пхуа Тай намаас (Тай үндэстний төлөө) нэр дэвшүүлсэн Тхависиныг засгийн газрын тэргүүнээр томилохыг өнгөрсөн наймдугаар сард зөвшөөрчээ. Харин Үндэсний ассамблей (парламент) наймдугаар сарын 22-нд түүнийг дэмжиж томилсон байна.


Тхависин нь улс төрд орохоосоо өмнө нэртэй бизнес эрхлэгч байсан юм. Тэрбээр 1986 онд “Procter & Gamble” компанийн Тайланд дахь салбарт туслахаар ажлын гараагаа эхэлж, улмаар дөрвөн жил ажиллажээ.  Дараа нь тэрбээр хөрөнгө оруулалтын “San Samran” компанид ажилд орсон бөгөөд тус компани хожим нь “Sansiri” нэртэй болж, Тайландын хамгийн том барилгын компани болжээ. Тхависин тус компанид гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн байна. Сонгуулийн өмнөхөн тэрбээр компанийнхаа хувьцааг зарж, сонгуулийн тухай хуулийн дагуу албан тушаалаа орхижээ. 



Холбоотой мэдээ