Шакира татвараас зайлсхийсэн хэрэгт дахин холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-27 13:05:10

МАДРИД. /ВВС/. Испани улсад амьдарч байх хугацаандаа татвараас зайлсхийсэн гэх хэрэгт Колумбын дуучин Шакираг  хоёр дахь удаагаа буруутгажээ.


Испанийн прокурорууд түүнийг 2018 онд Эль Дорадо аялан тоглолтынхоо орлогоос 6.7 сая евро буюу 7 сая орчим долларыг дутуу төлж, бусад орлогоо нуун дарагдуулсан гэж үзэж байна. Шакира тухайн үед хуучин найз залуу, хөлбөмбөгчин Жерар Пикетэй Барселонд хамт амьдарч байсан тул Испанийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн байжээ.


Уг хэргийг өнгөрсөн долоодугаар сард шалгаж эхэлсэн бөгөөд өчигдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


RTVE телевизийн мэдээлснээр, 46 настай дуучин бүсгүй өдгөө АНУ-ын Майамид амьдарч байгаа ажээ.  Шакирагийн өмгөөлөгчдийн баг эхний хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд 2012-2014 онд хамаарах уг хэргийн шүүх хурал 11 дүгээр сарын 20-нд эхэлнэ. Прокурорын газрын эхний нэхэмжлэлд, 2012-2014 оны хооронд 14.5 сая еврогийн /15.3 сая ам.доллар/ татвар төлөөгүй хэмээн түүнийг буруутгасан бол дуучин бүсгүй өөрийгөө буруугүй гэдгийг удаа дараа мэдэгдэж байлаа.


Шакира Испанийн татвар төлөгч байх үедээ бүх орлогоосоо татвар төлөх ёстой байсан боловч орлогоо "ил тод бус, татвар багатай орнуудад бүртгэлтэй компаниуд руу шилжүүлж байсан" гэж Испанийн прокурор нотолж байгаа аж.


Шакира саяхан өгсөн ярилцлагадаа "Миний зөв гэдгийг батлах хангалттай нотолгоо надад бий. Шүүхийн шийдвэр миний талд зогсоно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

 


Холбоотой мэдээ