Амазон компанийг монополийн хэргээр шүүхэд өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /CNN/. Цахим худалдааны салбар дахь дангаар ноёрхлоо урвуулан ашиглаж, шударга өрсөлдөөнийг хаан боогдуулж байна гэх хардлага маргаан олон жилийн турш үргэлжилсний эцэст АНУ-ын засгийн газар болон 17 муж улс Амазон компанийг монополийн хэргээр шүүхэд өгчээ.
Холбооны Худалдааны Комисс болон 17 ерөнхий прокурорын гаргасан нэхэмжлэл нь
анх интернетээр ном зарж
эхэлсэн хэдий ч өдгөө
"бүх барааны
дэлгүүр" гэгдэх болсон Амазон компанийн эсрэг хамгийн том зарга болж байна. Өнөөдөр тус компани өргөн
хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг борлуулах дэлхийг хамарсан ложистикийн сүлжээг бий болгож, “үүлэн тооцооллын” зэрэг шинэ технологийн томоохон төв болоод байгаа билээ.
Амазон компанийн цахим худалдааг ашиглан бараагаа борлуулдаг гуравдагч талын зардлаар өөрийн платформ, үйлчилгээгээ шударга бусаар сурталчилж байна гэж 172 хуудас бүхий нэхэмжлэлд дурджээ. Тухайлбал, Амазон өөрийн дотоод ложистикийн үйлчилгээг худалдан авахыг борлуулагчдаас шаардаж, өрсөлдөөнийг хаан боогдуулсан, мөн бүтээгдэхүүнээ зах зээлийн өрсөлдөөний зарчмын дагуу борлуулагчдад хямд үнийг санал болгохын оронд цахим орчин дахь хамгийн хямд үнээр Амазон платформд бүтээгдэхүүнээ тавь гэж албадсан гэж Худалдааны Комисс дүгнэжээ.
Эдгээр асуудлаар өнгөрсөн онд Калифорнийн ерөнхий прокурор Амазоны талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан юм.
Амазон нь цахим худалдаанд давамгайлж байгаа учраас борлуулагчид тус компанийн нөхцлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголтгүй болгож байгаагийн зэрэгцээ хэрэглэгчид өндөр үнэ төлж хохирч байна гэж Худалдааны Комисс үзэж байгаа аж. Түүнээс гадна, зах зээлийн хайлтын илэрцэд өөрийн бүтээгдэхүүнээ гуравдагч этгээдийн борлуулсан бүтээгдэхүүнээс өндрөөр эрэмбэлдэг гэж Амазоныг буруутгажээ.
Хэргийн нэхэмжлэгчид нь Коннектикут, Делавэир, Мэйн,
Мэрилэнд, Массачусетс, Мичиган, Миннесота, Нью-Жерси, Нью- Хэмпшир, Нью-Мексико,
Невада, Нью-Йорк, Оклахома, Орегон, Пенсильвани, Род-Айленд, Висконсин муж улсууд юм.