Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил хөрөнгөгүйн улмаас саатаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-19 15:55:47
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй сургууль цэцэрлэг олон бий. Үүний ажлын явцтай аймгийн удирдлагууд танилцлаа.

Энэ жил Эрдэнэ, Дэнж, Даваат, Булаг багт сургууль цэцэрлэг баригдаж байна. Тухайлбал,  Эрдэнэ багийн сургуулийн барилгын ажил 2012 онд эхэлсэн. Нийт төсөвт өртөг нь 4.2 тэрбум төгрөг. Үүнийг улсын төсвөөс санхүүжүүлж байна. Ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай ч санхүүжилт зогссон шалтгаанаар саатаад байна.

Мөн орон нутгийн  төсвийн 2.3 тэрбум төгрөгөөр Даваат багт 100 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн сургуулийн барилгыг “Урагшлах” компани гүйцэтгэж байна. Одоогоор ажил нь 69 хувьтай үргэлжилж байгаа талаар гүйцэтгэгч компанийн инженер ярьлаа. Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил өнгөрсөн зургаадугаар  сард эхэлсэн юм. Ирэх сарын 15-нд дуусгах гэрээтэй. Гэхдээ байгаль цаг уурын нөхцөлөөс шалтгаалж ажил саатсан тул 11-р сарын 1-нд хүлээлгэн өгөх боломжтой гэж үзэж байгаа аж.  Харин Баянбулаг багт баригдаж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга 70 орчим хувьтай үргэлжилж байна. Энэ барилгын ажлыг гүйцэтгэж буй “Хялганат нуга” ХХК-тай байгуулсан гэрээ энэ оны 8 дугаар сард дууссан. Гэхдээ нийт санхүүжилт болох 1 тэрбум 77 сая төгрөгөөс 450 сая орчим төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс хөрөнгө нь орж ирээгүй шалтгаанаар ажил нь саатаад байна.

                                                                                                                    Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ