ДУНДГОВЬ: Ш.Бөндөгхорол: Манай бүтээгдэхүүнийг нэг удаа худалдаж авсан хүн дахиад заавал эргэж ирдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-26 17:10:07
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Дундговь-Түншлэл 2023” зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдааны үеэр шилдэг 8 оролцогчийг шалгаруулж, хамгийн хүндтэй шагнал болох “Шилдгийн шилдэг гран при” шагналын эзнээр Эрдэнэдалай сумын үйлдвэрлэгч Ш.Бөндөгхорол шалгарсан юм. Түүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний онцлог, зах зээлийн тухай тодрууллаа.


-Үзэсгэлэн худалдаанд оролцож, хамгийн хүндтэй шагнал авсан танд баяр хүргэе, хэд дэх жилдээ “Дундговь-Түншлэл” үзэсгэлэн худалдаанд оролцож байна вэ?


-Баярлалаа. Би энэ жил 18 дахь удаагаа оролцлоо. Энэ хугацаанд зөвхөн аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд оролцоод зогсоогүй Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Завхан, Дархан хотуудад ч очиж оролцож байсан. Оролцсон аймгууддаа танигдаж, олон хэрэглэгчтэй болсон.


-Та бүтээгдэхүүнүүдээ танилцуулаач, ямар ч байсан ноос, ноолууран хувцас, малгай ороолт, тэмээний ноосон улавчийг нь хэрэглэгчид их сайн мэддэг болжээ?

-Тэмээний ноосон аяны мешок, хонины ноосон торгон хөнжил, тэмээний ноосон улавч, ноолууран даавуун бүслүүр, хонины ноосон малгай ороолт гэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Бүтээгдэхүүний хувьд цэвэр ноос, ноолуур ашигладаг учраас чанартай, дулаахан байдаг учраас хэрэглэгчид ам сайтай байдаг. Тэмээний ноосон улавч гэхэд хатуулга хийж өгдөг болохоор хуйлрахгүй, сунаж, авчихгүй, бөх бат, угааж арчихад хэлбэр дүрсээ алддаггүй, тэгээд хөлийн улнаас зөөлөн, дулаахан, янз бүрийн үнэр гаргахгүй гэдгээрээ онцлогтой.

Нэг удаа худалдаж авсан хүн бол дахиад заавал эргэж ирдэг.



-За зээл өргөн, хэрэглэгчид олон. Тэгэхээр та яаж их хэмжээгээр үйлдвэрлэж байна, бусад аймгаас ч захиалга ирдэг байх?

-Хөвсгөл, Дархан Дорнод, Дорноговь, Өмнөговь, Завхан, Өвөрхангай гээд бусад аймгаас тоо ширхэг, хэмжээгээ өгөөд захиалдаг. Бид нар яг тэр захиалгаар нь оёод хайрцаглаад л явуулчихдаг юм. Тэгж хамтарч ажиллаад бас нэлээн хэдэн жил болжээ.

Сумандаа өрх толгойлсон, ажилгүй, гэхдээ сэтгэлээсээ юм хийчихдэг, бас хүчин чадал сайтай оёдлын машинтай хүмүүстэй тохиролцоод, зааж сургаад эмжих ажлыг хийлгэж, тэдэнд зохих хөдөлмөрийн хөлс, урамшууллыг нь өгөөд явдаг. Тэгэхээр би ганцаараа биш, олон хамтрагчтай.

Харин охин (Л.Хулан) маань нэхмэл, хөнжил, мешокоо дагнаж, би улавчаа л голлон хийдэг дээ. Улавчаа 10 жилийн өмнөөс хийж эхэлсэн, сүүлийн үед бүслүүр хийж байна. Бас хэмжээг нь тохируулаад өмсгөдөг нярай хүүхдийн бойтог хийж байна. Ер нь малынхаа гаралтай түүхий эдээр хийсэн улавчийг хэрэглэж байвал доороос даарах, чийг татах, эвгүй үнэр гарах зэргээс сэргийлнэ, эрүүл мэндийн ач тустай шүү дээ.


-Та өөрөө ямар мэргэжилтэй вэ, хэзээнээс үйлдвэрлэл эрхэлж байна?

-Би Эрдэнэдалай сумын уугуул. 10 дугаар ангиа төгсөөд ЗХУ (одоогийн ОХУ)-ын Донецк хотод химийн барааны мэргэжилтнээр төгссөн. Төгсөж ирээд орос хэлний багшаар ажиллаж байгаад Технологийн багшийн мэргэжил эзэмшиж, энэ мэргэжлээрээ 14 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Технологийн багшаар ажиллаж байх үед манай суманд Азийн хөгжлийн банкны төслөөр тоног төхөөрөмж оруулж, чадавхжуулах 9 удаагийн сургалтад хамруулсан. Тэгээд л тэтгэвэрт гарснаас хойш үйлдвэрлэлээ явуулж байна. Ингэж сурч, дэмжлэг авч байсныхаа ачийг хариулахсан гээд л хичээж явна даа.

Охинтойгоо хамт ажилладаг. Аливаа бизнест гэр бүлийн дэмжлэг маш их хэрэгтэй төдийгүй, охинтойгоо хамтарч ажиллана гэдэг их сайхан. Ажиглаад байхад олон бизнес эрхлэгч өөрсдөө үйлдвэр, бизнесээ авч явж чадахаа болихоор хэцүү байдалд ордог. Харин би охинтойгоо хамт ажилладаг болохоор санаа зоволтгүй. Охин маань ч их сэтгэл хангалуун, ээжтэйгээ хамт ингэж ажиллаж байгаадаа бахархаж, талархаж байдаг.


-Ээж, охин хоёрын амжилт багагүй байна, ирээдүйн хүсэл, мөрөөдөл нь юу вэ?

-Бид хоёр биед эвтэйхэн, чанартай, эко бүтээгдэхүүн гаргаж, аймгийнхаа болон хэд хэдэн аймаг, Улаанбаатарын зах зээлд нийлүүлж байна. “Түншлэл” зах зээлийн өдөрлөгт жил бүр оролцож, ноос, ноолууран нэхмэл хувцас болон ноолуур, торомны ноос, нарийн ноосон хөнжил зэрэг бүтээгдэхүүнүүдээрээ аймгийн “Брэнд” бүтээгдэхүүнээр шалгарч, “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөлийг хэд хэдэн удаа авч байсан.

Энэ бүхэн багагүй амжилт. Харин цаашид бид сумынхаа, аймгийнхаа нэрийг гаргаж, бүтээгдэхүүнээ гадагшаа тогтмол экспортлох юмсан, үйлдвэрлэлээ улам өргөжүүлэхсэн л гэж бодож явдаг. Хөдөөгийн нэгэн суманд чанартай, хийц сайтай, хэрэглэгчийн таашаалд нийцсэн нэхмэл болон эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог гэдгийг харуулж чадаж байгаадаа баяртай байдаг.   

-Баярлалаа. Амжилт хүсье!









Холбоотой мэдээ